Монголын сагсан бөмбөгийн лиг улирал бүр тамирчдын шилжилт хөдөлгөөнийг олон нийтэд нээлттэй мэдээлж, үзэгчдийн дунд халуун яриа, шуум үүсгэдэг. Багийн шинэ бүрэлдэхүүн, солилцоо наймааны мэдээллээс эхлээд тамирчдын цалин хөлс, гэрээг үзэгчдэд хүргэж байгаа нь тэдний сонирхлыг өдөөхөөс гадна лигийн тэмцээнийг олон хүн үзэх нэг хүчин зүйл болж байна.
Харин волейболын Үндэсний дээд лигийн хувьд тамирчдын шилжилт хөдөлгөөн, зохион байгуулалтын мэдээлэл нь олон нийтэд төдийлөн ил биш байдаг. Энэ нь үзэгчдийн хүлээлт, сонирхлыг сулруулж цаашлаад лигийн өнгө төрх, үзүүлэлтэд ч муугаар нөлөөлөх эрсдэлтэй байна. Тиймээс волейболын дээд лигт шинэ бодлого, пиар ус агаар мэт хэрэгтэй байгааг санах цаг болжээ.
Өнөөдөр Монголд сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг хамгийн олон үзэгчтэй. Лигийн нээлт сүр дуулиантай, бэлгэ тэмдэгтэй болохоос эхлээд улирлын өмнөх таамгаар ч үзэгчдийг байнга “халуун” байлгадаг. Нөгөө талд лигийн зохион байгуулалт, санхүүгийн менежментээрээ ч волейболын лигээс хэдийнэ хэдэн байраар илүү явж байна.
Монголын волейболын холбоо дээд лигийн тэмцээнийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулсан. Харин 2012 оноос зургаан жил завсарласан дээд лиг 2019 онд эргэн ирсэн билээ. 2025-2026 оны үндэсний дээд лигийг ирэх 9 дүгээр сард зохион байгуулах тухай Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Д.Түвшинжаргал хэлсэн. Гэсэн ч одоо хүртэл лиг хэзээ эхлэх тов албан ёсоор гараагүй байна.
Дотоодын лигээ сонирхолтой зохион байгуулахын тулд тамирчдын шилжилт хөдөлгөөнөөс гадна тэмцээний хуваарь, статистик, багийн дотоод өөрчлөлтийн талаар бүх мэдээллийг үзэгчдэд цаг тухай бүрд хүргэх хэрэгтэй. Спорт гэдэг дан ганц талбай дээрх өрсөлдөөн, тоглолт бус талбайн гаднах яриа, хүлээлт, мэдрэмжийн нийлбэр юм.
Волейболын дээд лигийн үзэгчийн тоог өсгөх 3 санал
1. Тамирчдын шилжилт хөдөлгөөнийг нээлттэй зарлах
Улирал эхлэхээс өмнө багуудын шинэ бүрэлдэхүүн, шилжилт хөдөлгөөний мэдээллийг фото, видео хэлбэрээр олон нийтэд хүргэх. Ингэснээр олон нийтийн сүлжээнд шуум үүсэж, үзэгчдийн хүлээлт нэмэгдэнэ.
Волейболын тамирчдын цалин хөлс нууц байдаг. Хэдэн жилийн гэрээ хийсэн, тухайн тоглогчийг ямар ханшаар яаж үнэлж авсан гэдэг нь нээлттэй бус байдаг. Мэдээж хувь тоглогчийн гэрээ нууц байх шаардлагатай ч багцаагаар хэдэн төгрөгийн цалин, урамшуулал авдаг тухай гэх мэт багцаа мэдээлэл ч волейболын лигт огт байдаггүй.
2. Статистик, дүн шинжилгээг тогтмол нийтлэх
Тоглолтын дараах нийлбэр оноо, довтолгооны үзүүлэлт, хаалтын тоо зэрэг мэдээллийг график, инфографик хэлбэрээр үзэгчдэд байнга хүргэх шаардлагатай. Үзэгчид зөвхөн тоглолтоор хязгаарлагдахгүй, улирлын турш энэ спортыг сонирхоход ийм мэдээлэл чухал нөлөө үзүүлнэ.
3. Сошиал медиагаар идэвхжүүлэх
Тамирчдын бэлтгэл, сонирхолтой агшин, багийн ад болдог үйл явдлын түүхийг богино бичлэг хэлбэрээр, заримдаа шууд дамжуулан үзүүлбэл сайн. Энэхүү арга барил нь үзэгчдийг тухайн багтай илүү ойртуулж, тоглолт үзэх сэдлийг нь нэмэгдүүлнэ.
Волейболын Үндэсний дээд лиг энэ зарчмыг хэрэгжүүлж чадвал үзэгчдийн тоогоороо сагсан бөмбөгийн дээд лигийн хэмжээнд хүрч очино. Мөн тэр хэрээр лигийн чанар ахиж, Монголын спортын ертөнцөд байр сууриа илүү баталгаатай эзэлж чадна.