Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд милитарист Японыг бут цохисон ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадын анхны бэлтгэл БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ням гаргийн үүрээр явагдсан байна.
Цэргийн парадын анхны бэлтгэл ажлын үеэр парадын зохион байгуулалт, комманд, логистик, үйл ажиллагааны иж бүрэн бэлтгэлийг шалгасан талаар зохион байгуулагдсан зүгээс онцолжээ.

Ирэх сард зохиогдох ялалтын баярын 80 жилийн ойд зориулсан цэргийн жагсаалын эхний бэлтгэлд цэргийн албан хаагчид болон цагдаа, туслах ажилтнууд гэх зэрэг 22 мянган орчим хүн оролцсон талаар Хятадын төрийн өмчит CCTV суваг мэдээллээ. Зохион байгуулагчдын зүгээс анхны бэлтгэл амжилттай явагдсан бөгөөд бэлтгэл ажлыг ойлгож, дэмжиж, хүндэтгэлтэй хандсан иргэд, оршин суугчдад талархал илэрхийлжээ.
Учир нь бэлтгэлийн үеэр Бээжин хотын төвийн хэсгийн автозам, метро, гудамж талбайг түр хаасан ажээ.
Түүнчлэн эрх баригчдын зүгээс бэлтгэлийн үеэр гадны сэтгүүлчдийг аль болох нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажилласан байна.
БНХАУ-ын засгийн газраас 9-р сарын 3-нд тохиох ялалтын баярын 80 жилийн ойг “Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын ой” хэмээн тусгайлан нэрлээд байгаа юм.
Тухайн өдрийн өглөө Бээжин хотын Тиананьмэнийн талбайд зохион байгуулагдах томоохон хэмжээний цэргийн парадыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүндэт зочдын хамт индрээс үзэж сонирхох болно.