БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл шүүх хуралд дахин ирсэнгүй


Сөүл хотын Цагдан хорих төвд хоригдож буй БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл дөрөв дэх удаагаа шүүх хуралд ирэхээс татгалзсан тул түүнтэй холбогдох төрийн эргэлтийн шүүх хурал даваа гарагт түүнгүйгээр хуралдаад байна. Сөүл хотын төв дүүргийн шүүх 7-р сарын 24-нөөс хойш зуны хоёр долоо хоногийн завсарлага авсны дараа ийнхүү товлогдсон шүүх хурлыг явуулсан боловч шүүгдэгч Юн Сок Ёл ирээгүй байна.

“Яллагдагч нар оролцохоос татгалзсан тул шүүх хурлыг эзгүйд нь үргэлжлүүлнэ. Ирц бүрэлдээгүйгээс үүссэн аливаа сул талыг яллагдагч хариуцна” гэж дүүргийн шүүх мэдэгджээ. Экс-ерөнхийлөгчийг өнгөрсөн арванхоёрдугаар сард богино хугацаанд цэргийн онц байдал тогтоох замаар төрийн эсрэг бослогыг удирдаж, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шүүж байгаа юм. Тэрээр өнгөрсөн сарын 10-ны өдрөөс хойш шүүх хуралд оролцохоос татгалзаад байгаа билээ.

Өнгөрсөн пүрэв гаригт мөн тусгай прокурор Мин Жүн Кигээр ахлуулсан багийн мөрдөн байцаагчид Юн Сок Ёл болон түүний эхнэр Ким Кён Хитэй холбоотой сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргээр байцаалт авахын тулд экс-ерөнхийлөгчийг хорих төвөөс гаргахыг оролдсоноос хойш Юн Сок Ёлын биеийн байдал эрс муудаж, маш их өвдөж байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ.

Сөүл хотын Цагдан хорих төв хүний эрх, эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар зэргээс шалтгаалж, Юн Сок Ёлыг шүүх хуралд хүчээр авчрахад хүндрэлтэй байгааг илэрхийлсэн болохыг дүүргийн шүүх дурдсан байна.

Хэрвээ төрийн эргэлт хийсэн хэрэгт буруутай нь тогтоогдвол Юн Сок Ёлыг бүх насаар нь шоронд хорих эсвэл цаазаар авах ял хүлээж байгаа ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *