НАТО-гийн ЕНБД Марк Рютте даваа гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа 15-ны өдөр АНУ-ын Аляска мужид зохиогдох Трамп-Путины уулзалтын үр дүнгээс үл хамааран НАТО Украинд зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Украин улс байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зэвсэгтэй байх, түүнчлэн гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээ хийх тохиолдолд ч ашигтай байдалд байхыг баталгаажуулахын тулд НАТО хүчин чармайлт гаргах болно гээд Орос, Америкийн удирдагчдын энэ удаагийн уулзалтаар Украины мөргөлдөөнийг зохицуулах “эцсийн тохиролцоонд” хүрэхгүй, Орос-Украины энхийн үйл явцад Европ болон Украин давхар оролцох шаардлагатай гэдгийг онцолжээ.
Марк Рютте мөн “баасан гарагийн уулзалт маш чухал, учир нь Путины хувьд тэрээр энэ аймшигтай дайныг дуусгах чин хүсэлтэй байгаа эсэхээ шалгуулах болно” гэжээ.
Харин Москвагийн зүгээс хийсэн удаа дараагийн мэдэгдэлдээ барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх нь Орос, Украины хэлэлцээ амжилттай болоход тус болохгүй ба сөрөг үр дагавар л авчрах болно гэсэн юм.
Мөн ОХУ-ын ГХЯ-ны зүгээс НАТО-гийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь “галаар тоглож” байгааг анхааруулж, Украины зэвсгийг агуулсан аливаа обьектууд нь Оросын хууль ёсны зорилтот бай байх болно хэмээн өмнө нь мэдэгдэж байсан.