Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг 12% болгон бууруулахыг шаардав


 Ахмадууд тэтгэврийн зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэтгэврийн зээл олгох одоогийн журам ахмадуудын хэрэгцээ шаардлагыг хангах бодит байдалд нийцэхгүй байгаа талаар удаа дараа өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж байсан.

Тэгвэл өнөөдөр ахмадууд зээлийн хүүг 12% болгон бууруулах, хамтран зээлдэгчийн шаардлагыг зөөлрүүлэх, хугацааг сунгах, тэтгэвэр нэмэх гэсэн шаардлага тавьж байгаагаа мэдэгдэв.

Мөн тэд 09-дүгээр сарын 15-аас тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Банкнууд, ломбард, аппликейшний зээлтэй хүн бүрийг тэдэнтэй хамт нэгдэхийг уриалж байна гэлээ.

Ахмад настан: Тэтгэврийн зээлийн талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тэмцлийн хурц хэлбэрт шилжихээс өөр аргагүй байна. Өнөөдөр хамгийн доод тал нь хувь тэнцүүлснээр 476 мянган төгрөг, дээд тал нь 689 мянгаар тэтгэвэрт гарч байна.

Ахмад настан Наранцэцэг: Бидний амьдрал өдөр бүр доройтож байна. Атга мах, чимх давс, үмх гурилын төлөө бид амьдарч байна. Улсад ажиллаад тэтгэврээ өөрсдөдөө зарцуулж буй. Гэтэл та нар тэтгэврийн мөнгөө хүүхдэдээ өгч байна гэж байна. Яаж зарцуулах нь бидний эрх шүү дээ. Ахмадуудаа хүн биш үзэж байна. Эм, тариагаа авах гээд эмнэлэг дээр очиход хүртэл хүн биш гэж үзэж байна шүү дээ. Бид амьд явах эрхтэй. Тиймээс би Хөвсгөл аймгаас зорин ирж дуу, хоолойгоо өргөж байна. 689 мянган төгрөгөөр ахмадуудыг яаж амьдарч байгааг УИХ-ын гишүүд, төр засаг анхаарах хэрэгтэй” гэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *