Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо хуралдав. Хуралдаанаар түр хорооны даргыг сонголоо.
“Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу түр хороог байгуулах саналыг анх санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гаргаж, гишүүд дэмжжээ.
Ингэснээр О.Батнайрамдал гишүүн “Оюутолгой”-н бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.
