1988 он. “Одооны хүүхдүүд…” гэж ирээд эмээ, өвөө нар биднийг загнадаг байлаа. Сургууль дээр багшаас эхлээд жижүүр хүртэл ингэж зэмлэнэ. Гудамжинд таарсан ямар ч том хүн “Одооны хүүхдүүд…” гэж ирээд, бидний дүрсгүй, дэггүй, хатуу чихтэйг гайхна.
2015 он. “Одооны хүүхдүүд…” гэж ирээд ээж, аав маань манай хүүхдүүдийн залхуу, ажилгүй, тансаг, гар утас, зурагт ширтээстэйг шагшиж байлаа.
2025 он. Одоо бид харин 2000 оныхны хүмүүжилгүй, зарчимгүй, харилцааны дутагдлыг хачирхаж байна.
Хараад байхад, дээд үеийнхэн хэзээд доод үеийнхнээсээ ямар нэг өө олж харан, нүдээ бүлтийлгэж, толгой сэгсэрч байдаг. Үүнийг бол би байдаг л зүйл гээд тоодоггүй. Байх ч ёстой юм гэж бодоод, хүлээн зөвшөөрдөг. Учир юу гэвэл цаг хугацаа улирч, тэр хэрээр хүмүүс хөгжиж байна. Хөгжлөө дагаад, нийгэм өөрчлөгдөж байна. Тэгэх ч ёстой юм. Нийгмээ дагаад хүн өөрчлөгдөх нь жам. Жамыг хэн ч сөрдөггүй.
Дээд үеийнхэн хэзээд доод үеийнхнээсээ ямар нэг өө олж харан, толгой сэгсэрч байдаг
Нийгэм гэдэг үгээ бодоод үзье л дээ. Нийт хэм, нийтийн хэм, нийт олны хэм хэмжээ гэсэн үгнээс нийгэм гэдэг үг үүсэлтэй. Олонхын аясаар нийгэм бүрэлддэг. Малчин өвөг дээдсээ аваад үзье. Уурга шилбүүр бариад, хээр талд исгэрч, адуу мал адгуулж, хоногтоо хэдхэн хүний бараа харж яваа хүний ааш, хандлага өөр. Мэндлэх нь хүртэл шүү. Таны бие амар, сүрэг мэнд үү? Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүтэй, ботго бөхтэй, борлон ноолууртай, онд сайн орж, тавтай сайхан хаваржиж байна уу? гэнэ. Хүний бараа харсных олигтойхон үг солих, мэдээллээ хуваалцах, нийтийн хэмийг мэдрэх гэсэн хүсэлт илт.
Малчны хотноос ажилчны үйлдвэрт шилжсэн аав, ээжийнхээ үеийг эргэн саная. Хамт олон гэдэг бөөн олныг хүсэмжлэн, 4 хананы дунд өдрийг өнгөрүүлж, гартаа зурагтын удирдлага барьж, төв рүү тэмүүлэх хүчинд татагдсан хүний аяг, харилцаа ондоо. Өдөр бүр олон хүнтэй уулздаг болсноор “Сайн байна уу. Сайхан амрав уу? Өглөөний мэнд!” гэх зэргээр 2-хон үгээр мэндэлдэг болсон. Сүүлдээ бүр нөгөө хүн “Сайн. Сайн уу?” гээд эргээд мэнд мэдэхээр “Сайн” гэж хариу дуугарах хүн ч үгүй болсон шүү дээ.
Дээд үеийнхнийхээ дэргэд чихээ бөглөж, доод үеийнхэндээ амаа таглуулах нь жам юм
Хаашаа л харна хиймэл орчинтой нүүр тулан, хэт олон хүний дунд ядарч, гартаа ухаалаг утас атгаж, төвөөс зугтах хүчний үйлчлэлд автсан хүний авир, хандлага тиймхэн. Мэндлэхдээ хүртэл “Юу байна?” гэж тэр хүний амар мэндийг асуулгүй, халаас, хэтэвч, картан дахь мөнгө төгрөгийг нь сонирхдог болсон. Тэр хүний тухай түүнээс асуух хэрэггүй. Фэйсбүүк, инстагаас нь мэдчихэж байгаа юм хойно арга ч үгүй биз.
Ийм л юм.
Өрөөлийн толгой дээрх хялгасыг харахаа болиод, өөрийн толгой дээрх өвсийг хараад үзье. Өвөө, эмээ нарыг бидний үеийнхэн зөнөг, үеэ өнгөрөөснөөр нь дууддаг. Ээж, аавынхаа үеийнхнийг юу ч мэдэхгүй, хоцрогдсон гэж гоочилдог.
Ахмадуудын хоцрогдсоныг гайхаж, залуус, хүүхдэд хоцрогдсоноороо гайхагдах нь хорвоо юм
Удахгүй хүүхэд маань биднийг хоцрогдсон гэж тодорхойлоод, үг хэлүүлэхгүй. Ач, зээ нар араас нь манийгаа үеэ өнгөрөөсөн, зөнөсөн гэж цоллоно. Ингэж хэлүүлээд эхэлчихсэн нь ч байгаа л байх. Арай хэлүүлээгүй яваа нь тун удахгүй.
Ингээд харвал дээд үеийнхнийхээ дэргэд чихээ бөглөж, доод үеийнхэндээ амаа таглуулах нь жам юм. Ахмадуудын хоцрогдсоныг гайхаж, залуус, хүүхдэд хоцрогдсоноороо гайхагдах нь хорвоо юм. Ийм л юм.
Үе хоорондын ялгаанд санаа зоволтгүй шүү, хө
Хөгшин залуу, сайн муу, ажилч залхуу, чалчаа дуугүй гээд янз бүрийн хүнээс нийгэм бүрддэг. Түүн дундаас муу муухайгийн үлгэр болсон нэгнийг нь онцлон, бүгдийг нь харлуулж болохгүй. Муу нь байхад сайн нь ч байдаг. Сайхан нь байхад муухай нь ч бий. 60-аад оныхон бүгд архичин биш. 70-аад оныхон бүгд хулгайч биш. 80-аад оныхон бүгд муухай биш. 90-ээд оныхон бүгд өлөн биш. 2000-аад оныхон бүгд харилцааны доголдолтой биш. Z үеийнхэн дотор хүнтэй найрсаг харилцдаг, мэйл бичиж чаддаг, хэл найруулгын байтугай зөв бичгийн алдаа гаргадаггүй, ажлын ачаалал даадаг, ажлыг цагт нь хийдэг хүүхдүүд зөндөө.
Ийм л юмыг ийм тийм гэж хэлэх нь илүүц. Х, M, Z, А гэж үсгээр ялгаж, миллениал, альфа гэж латинаар нэрлэх ч хамаагүй. Судлаачид нь судална л биз. Угаасаа 60-аад оныхон, 70-аад оныхон гэж ярьдаг, үе хоорондын ялгаа илт харагддаг л байсан. Тоог үсгээр солилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Хар, цагаан өнгө байж гэмээнэ зургийн өнгө төгс болдог. Ус, сүү нийлж хярам болдог. Сайн, муу нийлж нийгэм болдог юм чинь. Хамгийн гол нь бид хүн. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө байвал болно доо. Үе хоорондын ялгаанд санаа зоволтгүй шүү, хө.