Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандарт нэвтрүүлэх шаардлага бий болсныг хөндөв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно.
Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдэл хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж, нийгмийн оролцоог хангах гэсэн тулгын гурван бодлого баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Энэ хүрээнд амьдрах орчныг стандартын түвшинд хүргэхийн зэрэгцээ ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах шалгуурыг төрийн худалдан авалтын бодлогод тусгана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхэнд нийцүүлж сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
