НӨАТ-ын урамшууллыг нэмэх нь зөв, гэхдээ ялгамжтай байх ёстой


Ирэх намрын чуулганаар Татварын реформ хийхээр зэхэж байгаа. Энэ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгож нэмэгдүүлнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэхдээ одоогоор 5 хувь гэдэг тооноос өөр тодорхой мэдээлэлгүй байгаа. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэх ёстой. Нэмэхдээ ялгамжтай олгох нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байна.

Эхлээд та бүхэнд НӨАТ гэж юу болохыг тайлбарлаж өгье. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь аливаа бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн ашигт ногдуулдаг нөгөө талаар бүртгэлийн механизм. Жишээлбэл үйлдвэрлэгч 1000 төгрөгийн ундаа үйлдвэрлэлээ гэж бодоход 100 төгрөгийн НӨАТ төлнө. Тухайн ундааг 1500 төгрөгөөр зарж байгаа хүнсний дэлгүүр нэмэгдсэн өртөг буюу 500 төгрөгийн 10 хувь болох 50 төгрөгийг НӨАТ болгож төлөх ёстой. Энэ мэтээр бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх бүрд татвар төлөгдөж байх ёстой гэсэн үг. Харин эцсийн хэрэглэгч буюу тухайн ундааг худалдан авч байгаа иргэн 150 төгрөгийн НӨАТ төлж байгаа.

НӨАТ-ын урамшууллаар дамжуулж үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж болно

Татварын реформын хүрээнд иргэдээс авч байгаа татварын НӨАТ биш хэрэглээний татвар гэж нэршлийг өөрчлөх ёстой гэсэн үг. Харин одоо НӨАТ төсөвт ямар чухал вэ гэдгийг илэрхийлэх тоон мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Монгол Улсын 2024 төсвийн орлогын 92,5 хувь буюу 17 их наяд төгрөгийг татвараас бүрдүүлсэн. Үүний 21.4 хувь буюу 5,8 их наяд төгрөг НӨАТ-ын орлого. Товчхондоо НӨАТ нь улсын төсвийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон гэсэн үг. Гэхдээ иргэдийн орлого, амьдралын чанартай харьцуулахад НӨАТ гэж нэрлэсэн хэрэглээний татвар хэтэрхий өндөр байгаа. Жишиж үзвэл Монгол улсын экспортын 95 хувийг бүрдүүлдэг гол бараа бүтээгдэхүүн болон ашигт малтмалаас авдаг АМНАТ-аас 2024 онд 4.6 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Иргэдийн хэрэглээний татвараас 1.2 их наядаар бага байна гэсэн үг.

Хэрэглээнээс авч байгаа татвар хэтэрхий өндөр байгаа учраас буцаан олголтыг нэмэх Ерөнхий сайдын санаачилга зөв. Гэхдээ бүгдийг нь жигд нэмэхийн оронд ялгавартай нэмэх нь зүйтэй гэсэн санаачилга аж ахуйн нэгж болон эдийн засагчдаас гарч эхэлсэн. Тодруулбал үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авбал буцаан олголт нь өндөр байж, импортын бүтээгдэхүүн худалдаж авбал буцаан олголт 2 хувь хэвээрээ байх зохицуулалтыг хийж чадвал үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн зөв хэрэглээг дэмжих боломж бүрдэх юм.

279 цэгт судалгаа хийхэд 48% нь И-баримт өгдөггүй байжээ

НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэхээс гадна НӨАТ-ын бүгд төлдөг болох зайлшгүй шаардлагатай. 15 худалдааны төвийн 279 цэгээс түүвэр судалгаа авахад 52 хувь нь и баримт олгодог, 48 хувь нь олгодоггүй. Мөн 60,5 хувь нь НӨАТ-ын баримт авахгүйгээр үнийн дүнгээс хямдруулж авахыг санал болгодог гэсэн судалгаа гарчээ.

НӨАТ-ыг жигд төлөхгүй байгаа нь төлдөг хэсэгтээ илүү хүнд ачаа үүрүүлдэг. Тиймээс татварын байгууллага зах худалдааны төв болон онлайн худалдаанд оногдох НӨАТ-ыг бүртгэдэг болоход анхаарлаа хандуулах ёстой байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *