Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр 108 сургууль, 95 цэцэрлэг барих төслийг цаг алдалгүй ажил хэрэг болгохоор Боловсролын яам, Азийн хөгжлийн банк өнөөдөр шийдвэрлэв. Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, уг төслийн ерөнхий тойм, хэрэгцээ шаардлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг жил бүр тогтвортойгоор нэмэхийн тулд үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж 108 сургууль, 95 цэцэрлэгийг шинээр барьж, сургуулийн хүчин чадлыг 62,880 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,400 ороор нэмэгдүүлэх төлөвлөлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж буй Азийн хөгжлийн банкны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн төслийг цэцэрлэг, сургууль барихад чиглүүлэхээр талууд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхээр тогтов.