“Хасын хүлгүүд” багаасаа буурь сэлгэж байгаагаа мэдэгдэж, чөлөөт агент болсон Үндэсний дээд лигийн хошой аварга Э.Саруул-Эрдэнэд олон баг санал тавьсан. Ингээд “Бишрэлт металл” баг түүнийг эгнээндээ нэгтгэсэн тухайгаа өчигдөр зарласан. Гэвч удалгүй мөн “SG Apes” баг Э.Саруул-Эрдэнэтэй гурван жилийн гэрээ байгуулсан гэж мэдэгдэв.
Энэ үйл явдал сагсанбөмбөг сонирхогчдын гайхшрал, эргэлзээг нэг дор төрүүллээ. Аль баг нь түүнийг авсан нь одоогоор тодорхойгүй байна. Хоёулаа л хүсэж байсан тоглогчоо авч чадлаа гэж олон нийтэд мэдээлэв.
Үндсэндээ баг, тамирчны гэрээний асуудал удаа дараа гарч буй. Гэрээний ил тод бус байдлаас болж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх, цаашлаад тамирчин болон багийн хооронд асуудал үүсэх, карьерт нөлөөлөх зэргээр асуудал даамжирч байна. Өдгөө Монголын сагсанбөмбөг хөгжиж байгаа ч тамирчин, баг хоорондын гэрээ хэлцэл, цалин хөлсний асуудал мэргэжлийн биш байна. Энэ тал дээр мэргэших, ёс зүйтэй байхыг аль аль тал нь анхаарах зайлшгүй шаардлагатай байна.
Э.Саруул-Эрдэнэ аль багтай мэргэжлийн гэрээ байгуулж, дээд лигт өрсөлдөх нь эргэлзээтэй хэвээр байна.

