Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр (2025.08.15) нийслэлийн 341 дүгээр цэцэрлэг, 179 дүгээр бага сургууль дээр хийж буй хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад зарим сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаатай холбогдуулан тэрээр өчигдөр Боловсролын яаманд албан шаардлага тавьсан юм.
Энэ онд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж эхэлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 15 нь хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ. Тун удахгүй 20 сургууль, цэцэрлэг нэмж ашиглалтад орно.
Гэвч 5 дүүргийн 13 сургуульд ширээ сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, гал тогоо алга. Үүний улмаас 10.500 гаруй хүүхэд суралцах боломжгүй болох нь. Мөн 5 дүүргийн 20 цэцэрлэгт 3740 хүүхэд унтах ор, зөөлөн эдлэл, хоол хийх гал тогооны төхөөрөмж алга.
Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Боловсролын яам энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 8 дугаар сар хүртэл сургууль, цэцэрлэгт шаардлагатай сандал ширээ, тоног төхөөрөмж, гудас, гал тогооны хэрэгсэл, ор, самбар зэргийг санхүүжүүлэх боломж байсан. Гэтэл өнөөг хүртэл яам ажлаа хийсэнгүй. Хоёр долоо хоногийн дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байна.
Бид өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт шинээр барьсан, тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг дээр ирлээ. Энэ цэцэрлэг 2024 оны 12 дугаар сарын 12-нд ашиглалтад орсон. Хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болоод нэг жил болж байна. Гэтэл энэ цэцэрлэг ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмж, гудас, оргүй байна. Хүүхдүүд, эцэг эхчүүд нь гаднаас нь л цэцэрлэгээ хараад сууж байна.
10.500 хүүхэд тоног төхөөрөмжгүй, сандал ширээгүй гэдэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгт сурч чадахгүй байна
Тусгай хэрэгцээт 50 гаруй хүүхэд хамран сургах тойрог хамаарахгүйгээр энэ цэцэрлэгт хамрагдах боломжтой. Үүнээс гадна энгийн 200 гаруй хүүхэд явах боломжтой. Цэцэрлэг нь тусгай хэрэгцээт хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон. Гадаад, дотоод тохижилтын ажил бүрэн дууссан. Гэтэл анги танхим нь хов хоосон байна.
Ийм нөхцөл байдалтай 13 сургууль байна. Нийт 10.500 хүүхэд тоног төхөөрөмжгүй, сандал ширээгүй гэдэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгт сурч чадахгүй байна. Бид нийслэлийн сургуулиудыг дахин 3 ээлжээр хичээллүүлж, 1 ангид 50, 60-аар нь чихэж оруулах нь ээ.
Ийм нөхцөл байдалтай 20 цэцэрлэг байгаа. Эдгээрт 3700 хүүхэд хамрагдаж чадахгүй байна.
Бид он гарснаас хойш удаа дараа салбарын яаманд хандсан. Сүүлдээ эцэг эхчүүд хариуцлага ярьж, нийслэлд хандаж байна. Цаана нь салбарын яам нь байгаад байдаг. Боловсролын яам бүх сургууль, цэцэрлэгийн захирлуудыг томилж байгаа. Хүнд суртлын шат буюу нийслэлийн Боловсролын газар, Боловсролын ерөнхий газар гэж байгаа. Энэ бүхнийг яам томилж байгаа. Бусад бүх ажлыг нийслэл хийж байгаа.
Нийслэлд шинээр барьж байгаа 139 сургууль, цэцэрлэгт хяналт тавьж, нэмэлт төсөв, хэлэлцээр хийж, цагаас нь өмнө ашиглалтад оруулахыг нь оруулж байгаа. Бүх цэцэрлэг, сургуулийн их засварыг нийслэлээс хийлгэж байгаа.
Хүнд суртлын шат буюу нийслэлийн Боловсролын газар, Боловсролын ерөнхий газар гэж байгаа
Энэ жил 60 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 30 тэрбумаар нь 177 сургуульд их засвар хийлээ. Өмнөх жилүүдэд бүр сургууль, цэцэрлэгийн засварт нийтдээ 4 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан. Өвөлжилтийн бэлтгэл гээд шугам сүлжээнд засвар хийсэн. Өчигдөр гэхэд нийслэлийн засаг дарга 6.8 тэрбум төгрөг нөөц хөрөнгөөс гаргаж, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах гэж байна.
Салбар яаманд хүсэлт тавихаар “Бидэнд төсөв байхгүй” гэдэг хариулт өгдөг. Энэ асуудалд яам анхаарч, санаа тавьж байгаа ч юм алга. Боловсролын яам жил бүр төсөв батлуулж байгаа. Боловсролын яамны 1 тэрбум төгрөгийн сандал, ширээний тендер нь гацахгүй байж, сургууль, цэцэрлэгийнх нь сандал ширээний тендер нь гацдаг. Эхнээсээ шаардлага тавьж, мэдээлэл хийсэн хүмүүсийг дарамталж байна.
Боловсролын яамны 1 тэрбум төгрөгийн сандал, ширээний тендер нь гацахгүй байж, сургууль, цэцэрлэгийнх нь сандал ширээний тендер нь гацдаг
Асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж анхаарах ёстой байтал асуудлыг чимээгүй болгож, дарах гэж оролдож байна. Бид 33 сургууль дээр 62 сургууль, цэцэрлэг барьж байж хүртээмжийн асуудал 100% шийдэгдэнэ. Сургуулийн анги танхим бэлэн байгаа ч сандал ширээ нь байхгүй байна. Хүүхдээ авч эхлээгүй сургууль, цэцэрлэгийн хувьсах зардал, ажилчдын цалин байхгүйгээс ажилчид нь эхнээсээ ажлаасаа гарч байна.
Бид ажлаа хийх шаардлагыг л тавьж байгаа. Огт улстөржөөгүй ээ. Нийслэл сандал, ширээг нь худалдаж авч өгч болох ч хууль эрх зүйн хүрээнд аудитаас акт тавина. Нийслэлийнхэн бүх ялыг эдэлж, салбарын яам ямбыг нь эдэлж байна.