Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх 5 шарын гэгдэх төмөр замын нүхэн гарамд ус зайлуулах суваг засаж байна. Уг засвар 9 дүгээр сарын 3-нд дуусна.
Үүнтэй холбогдуулан, өнөө өглөөнөөс эхлэн, Москвагийн гудамжны авто замын зүүнээс баруун тийш чиглэсэн хөдөлгөөн таг түгжирлээ. 10-р хорооллоос эхлэн, Саппоро, 5 шар, төмөр замын нүхэн гарам хүртэлх тээврийн хэрэгслийн зүүнээс баруун тийш чиглэсэн урсгал түгжрэв. Нэгэн жолооч 08:00 цагаас 10-р хорооллоос хөдлөөд 11:30 цаг гэхэд төмөр замын нүхэн гарцан дээр иржээ.
Үүний улмаас нийтийн тээврийн автобуснууд замын хойд талдаа 1-р эгнээг дүүргэн бөөгнөрч, баруунаас зүүн тийш явахаар нийтийн тээврийн автобус хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр бөөгнөрч, олон хүн ажлаасаа хоцорлоо. Хотын баруун захаас хотын төв рүү явдаг ганц автобус болох М:1 Офицеруудын ордон-5 шар чиглэлийн автобус хүлээсэн хүн олон байлаа. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1093 автобус иргэдэд үйлчилж байгаа тухай Нийтийн тээврийн бодлогын газар мэдээлсэн. Гэвч энэ олон автобусны хэргийг хотын баруун талын иргэд өнөө өглөө үзсэнгүй.
Энэ асуудлыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газар хамтарч шийдэхгүй бол ийм түгжрэл 9-р сарын 3 хүртэл үргэлжлэх нь ээ.