Украины ерөнхийлөгч В.Зеленский даваа гарагт Вашингтонд айлчилж, Европын удирдагчдын хамтаар Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хэлэлцээ хийнэ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Аляскийн Анкориж хотод уулзсан АНУ, ОХУ-ын удирдагчдын уулзалтын маргааш нь буюу 16-ны өдөр Д.Трамп Зеленский болон Европын удирдагчидтай утсаар холбогдон ярилцаж, Путин-Трампын уулзалтын талаар мэдээлэл өгсөн байна.
Тэдний яриа цаг хагас гаруй үргэлжилсэн талаар Зеленский нийгмийн сүлжээнд мэдээлснээс гадна мөн тэрээр урилгаар 18-нд Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох тухай “бүхий л нарийн ширийн асуудлуудыг” хэлэлцэх болно гэжээ.

Аляска дахь Трамп-Путины уулзалт улаан хивсний ёслолоор сүржин эхэлсэн боловч Украинтай дайнтай холбоотой тодорхой тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин бямба гарагт Кремльд төрийн удирдах албаныхантай уулзаж, Аляскийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг дүгнэхдээ Украины хямралын асуудлыг шударгаар шийдвэрлэх нь чухал болохыг онцолж, АНУ-ын байр суурийг хүндэтгэж, Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн.
Украины дайныг зогсоох тал дээр Трампын нэг байр суурь өөрчлөгдсөн нь олон улсын сонирхлыг татаж байна. Д.Трамд 16-ны өдөр нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох хамгийн зөв зам бол гал зогсоохоос илүүтэй “шууд энхийн гэрээ” байгуулах явдал гэсэн юм.

Харин 17-ны өдөр Украины ерөнхийлөгч В.Зеленский Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй Брюссель хотноо уулзаж, хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ газар нутгийн асуудлыг зөвхөн удирдлагын түвшинд л хэлэлцэж болно гээд, “Оросын талаас гурван талт хэлэлцээ хийнэ гэсэн мэдээлэл байхгүй” гэдгийг онцолж, Украин улс Европын Холбооны гишүүнчлэлийг аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг гэж үздэг гэж мэдэгджээ.
Зеленский мөн өдөр нийгмийн сүлжээнд, “нутаг дэвсгэрээсээ татгалзах, худалдаалахыг Украины Үндсэн хууль зөвшөөрдөггүй” гэж мэдэгдэн, газар нутгийн асуудал маш чухал тул зөвхөн Украин, Оросын удирдагчид болон АНУ-ын оролцоотой гурван талт хэлэлцээгээр уг асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Украины ерөнхийлөгч даваа гарагт Вашингтонд айлчлах үеэрээ Д.Трампын саналыг тодорхой болгохыг эрэлхийлэх болно гэв.
Ажиглагчид дайныг өндөрлүүлэх энхийн хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл болж байсан гал зогсоох тухай шаардлагаас Трамп гэнэт татгалзсан нь Украинд сөрөг талтайгаас гадна НАТО-гийн түншүүд Украинд ямар аюулгүй байдлын баталгаа өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа талаар хэлж байна.