100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Грийн гарден” хотхонд байрлалтай 100 ортой цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээсийн гэрээгээр төрийн өмчид шилжүүлэхээр боллоо. Тус цэцэрлэгт нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд орон сууцны шинэ хотхон, хороолол олноор баригдаж байгаа аж. Үүнийг дагаад энэ онд 3 цэцэрлэг барьжээ. Эдгээр цэцэрлэгийн талаар “Грийн гарден” хотхоны оршин суугч, 23 дугаар хорооны иргэн Б.Ундрал “2024 онд манай хотхоны эхний ээлж ашиглалтад орсон боловч тухайн орчимд цэцэрлэг, сургууль байгаагүй. Тиймээс хороо, дүүрэг, нийслэлд саналаа хүргүүлсэн. Бидний саналыг хүлээн авч, манай хороонд шинээр гурван цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Зөвхөн манай хотхонд гэхэд 80-90 цэцэрлэгийн насны хүүхэдтэй 500 айл амьдардаг” гэлээ.

100 ортой цэцэрлэгийн барилгыг барьсан “AGGS” ХХК-ийн захирал А.Мөнхбаяр “Нэг давхартаа дөрвөн танхим бүхий 100-120 хүүхдийн багтаамжтай 739 ам.метр талбайтай цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Анги танхимд агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Барилга угсрах явцад холбогдох албаныхан болон оршин суугчдын санал хүсэлтийг тусгаж, хэрэгцээнд нь нийцүүлэхэд анхаарч ажиллаж байсан. Багш нарын өрөө, эрхлэгчийн өрөө, амрах өрөө, цайны өрөө, ариун цэврийн өрөө, анги танхим гээд цэцэрлэгт шаардлагатай бүх өрөөг төлөвлөсөн” гэв.

Нийслэлийн 354 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Л.Амарбаясгалан “Иж бүрэн зохион байгуулалттай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн аваад удаагүй байна. Одоо зөвхөн тоног төхөөрөмж, сургалтын тавилга, хэрэглэгдэхүүн шаардлагатай байгаа. Үндсэн байранд ажиллах багш, ажилтнаа шалгаруулсан. Удахгүй нэмэлт байранд ажиллах багш, ажилтны ажлын байрыг зарлана” гэсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *