Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд ирэх өвөл Хятад улсад үйлдвэрлэсэн 306 мянган тонн хагас коксожсон шахмал түлш түлнэ. “Өөр ямар ч арга байхгүй” гэсэн ганцхан тайлбартай, хятад түлштэй нүүр тулах өдөр тун ойртож байна. Уг нь УИХ-ын 53 дугаар тогтоол өнгөрсөн зургадугаар сард гарч, утаа гаргадаг зуух, түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гэж тодорхой заасан. Харин нийслэл “Ямар ч арга байхгүй” гэж зүтгүүлсээр үүнээс ердөө тавхан хоногийн дараа Хятадаас хагас коксожсон нүүрсээр хийсэн түлш худалдаж авах тендер зарласан байдаг.
Түлшний үйлдвэрүүд бүгд дампуурсан
Уг нь Монгол Улс нүүрсгүй юм биш. Нүүрсний батлагдсан нөөцийн хэмжээгээрээ Дэлхийн тэргүүлэх 35 улсын тоонд орж, 2023 оны байдлаар батлагдсан нөөц 33.5 тэрбум тоннд хүрсэн. Нүүрсээ зарж, төсвөө бүрдүүлсээр удаж байгаа. Аль ч талаараа бодсон нүүрсээр баян орон. Даанч нүүрсээ боловсруулж чаддаггүй.
Үнэхээр бид чаддаггүй. Угтаа бол нүүрс боловсруулж, коксожсон шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн технологи тун энгийн. 600-800 градусын халуун уураар ямар ч төрлийн нүүрсийг битүү орчинд халааж, утаа, тортгийг нь салгана. Ингээд үлдсэн хуурай нүүрсээ хэлбэрт оруулаад, жигнэсэн нүүрс бэлэн болно.
Харин боловсруулах явцад үүссэн хий, боловсруулсан нүүрснээсээ их хэмжээтэй ялгардаг шингэн хоёрыг яах тухай шийдэл байдаггүй болохоор Монголд энэ төрлийн үйлдвэр хөгждөггүй, бүгд дампуурдаг бичигдээгүй хуультай. Хувь хүн, компаниуд шахмал түлш боловсруулах хэд хэдэн үйлдвэр барьсан ч химийн үйлдвэр байгуулах хөрөнгө мөнгө байхгүй, төрөөс олигтой дэмждэггүй, бодит байдлыг ойлгох эрхтэн дархтан ховор байдгаас болоод үр дүнгүй болдог юм билээ. Тэр үйлдвэрүүд тэгсхийгээд хаалгаа барьсан. Эсрэгээрээ утаатай тэмцэх нэрийдлээр нийтийн төсвөөс мөнгө хэдэн арван тэрбумаараа урсаж байна. Эцэст нь урд хөршөөс утаагүй түлш худалдаж авахдаа туллаа.
Хятад түлш адилхан угаартуулна
Айлгах гэж хэлж байгаа юм биш. Хятадад үйлдвэрлэсэн, сайн түлш гэхээр л угаар гардаггүй гэж ойлгож болохгүйг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Яг адилхан угаар гаргана, хүнийг угаартуулна. Бас ямар ч нүүрстэй яг адилхан илчлэгтэй. Та урьд нь “Тавантолгой түлш”-ийн нэг хувин түлш түлэхэд хагас өдөр дулаанаа барьдаг байсан бол шинэ хятад түлш яг адилхан.
Гэхдээ шинэ түлшинд давуу тал бас байгааг үгүйсгэж болохгүй. Яндангаас ялгарах утаа эрс багасна. Нүүрсийг халуун уураар жигнэх явцад утаа, тортог нь шүүгддэг болохоор тэр юм байна. Мөн агаарт дэгдэх хорт бодисын хэмжээ өөрөөр хэлбэл, хүхрийн агууламж буурч, улаанбаатарчууд хоолой хорсгосон өмхий үнэрээс бага ч болтугай салах магадлалтай.
Нарийн ширхэгтэй тоосонцор PM2,5 ялгаруулдаггүйгээрээ хятад түлш давуу талтай. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэр тойрсон айлуудын гэр утаа тортогт даруулсан дүр зургийг та санаж байгаа биз ээ. Тийм тортог жигнэсэн нүүрсэнд байдаггүй гэнэ.
Хуучин, шинэ түлшийг тэнцүү хэмжээтэй олгоно
226 тэрбумаар коксожсон шахмал түлш Хятад улсаас авах тендерийг нийслэлийн ЗДТГ нэгэнт зарлаж, гүйцэтгэгч тодрон, гэрээ хэлэлцээ хийж байна. Гэхдээ аль хэдийнэ нэг талдаа шийдэгдсэн байх ёстой хэлэлцээ одоо хүртэл эцэслэгдээгүй, ширээний ард л яваа сурагтай. Энэ тухайгаа ч албаны эх сурвалж олон нийтэд мэдээлсэн.
Хятад шахмал түлшийг 9, 12, 1, 2 дугаар сард 51 мянган тонныг, 10, 11 дүгээр сард 60 мянган тонныг оруулж ирэх төлөвлөжээ. Гэрээ амжилттай болбол Хятадаас тээвэрлэж авчраад, борлуулалтын 400 орчим цэгээр уутыг нь (нэг шуудай нь 25 кг) 5000 төгрөгөөр зарах төлөвлөгөөтэй юм байна. Энэ нь хуучин түлшнээс 1250 төгрөөр илүү үнэтэй гэсэн үг.
Гэхдээ олдоц тиймхэн байх бололтой. Одооноос түлш тараах хуваариа гаргаж, хуучин, шинэ түлшээ долоо, долоо хоногоор сөөлжлөн олгохоор зэхэж эхэллээ. Утаа гаргахгүй гэж магтаж буй хятад түлшийг дангаар нь түлэхгүй, “Тавантолгой түлш”-ийн мидлингээр хийсэн түлштэй ээлжлэн түлэх учраас улаанбаатарчууд энэ өвөлдөө шинэ түлшний ид шидийг харж чадахгүй. Агаарт олгойдох утаа, угаар аль түлшнээс нь ялгарч буйг тэр бүр хянах боломжгүй учраас тэр. Өвлийг угаартаж үхэлгүй давах марафондоо дахиад уралдах нь тодорхой болов.