Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад болон малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас баавгай суурин газарт үзэгдэх нь олширчээ. Мөн мал руу дайрсан тохиолдол нэмэгдсэн тул хүрэн баавгайн тархац бүхий аймаг, сумдад мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өглөө.
Хүрэн баавгай нь 2023 оны Засгийн газрын 260 дугаар тогтоолоор батлагдсан Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр 12,450,000 төгрөг болсон тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Амьтны тухай хуульд заасны дагуу 24,900,000 төгрөг төлөх заалттай юм байна.
- Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;
- Аймаг, сум ажлын хэсэг байгуулж, баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдөлгөөний замнал, явсан газар орны зураглал гаргах, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;
- Баавгай удаа дараа иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх, ажлын хэсгээс эргүүл хяналтыг тогтмолжуулах;
- Бүс нутгаас нүүх боломжгүй бол айлуудыг нэг дор буулгах;
- Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;
- Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;
- Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал, амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикл, мориор элдэж хөөх, бахардуулах, алж устгахгүй байх;
- Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;
- Баавгай үзэгдэж болох аялал жуулчлалын бүс нутагт анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хонохгүй байх;
- Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд, малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах;