Цагаан ордон албан ёсны TikTok-той болжээ


Цагаан ордны зүгээс мягмар гарагт албан ёсны TikTok аккаунттай болж, эхний бичлэгээ оруулсан байна.

“Америкчуудаа, бид эргэж ирлээ! Юу байна даа, TikTok?” гэж бичсэн 27 секундын урттай эхний бичлэгээ цацсанаас нэг цагийн дараа 4500 дагагчтай болсон бол лхагва гарагийн үдийн байдлаар (Улаанбаатарын цагаар) 52,800 гаруй дагагчтай болоод байна.

TikTok нь Хятадын ByteDance компанийн эзэмшдэг аппликейшн бөгөөд дэлхийн хэмжээнд, ялангуяа АНУ-д олон сая хэрэглэгчтэй тус аппликейшныг үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-д үйл ажиллагааг нь хориглох, эсвэл Америкийн компанийн мэдэлд оруулж худалдах шаардлагыг холбооны хуулийн дагуу тавиад байгаа юм. 

Хэдийгээр TikTok-ыг худалдах хугацаа энэ оны 1-р сард дуусгавар болж, тус аппликейшныг АНУ-д хориглох ёстой байсан боловч Д.Трамп АНУ-ын төрийн тэргүүний албаа хүлээж авсан даруйдаа TikTok-ын үйл ажиллагаа, ашиглалтыг зөвшөөрсөөр байгаа юм.  

Тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан TikTok-ыг хоригийг түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдэж байсан бол өнгөрсөн 6-р сарын дундуур хоригийг түр зогсоосон шийдвэрээ ахин 90 хоног сунгасан бөгөөд 9-р сарын дундуур уг сунгалт дуусгавар болох болно.

Дэлхийн хэмжээнд 2 тэрбум орчим хэрэглэгчтэй тус аппликейшн дээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп 110.1 сая дагагчтай хэдий ч хамгийн сүүлийн бичлэгээ (пост) 2024 оны 11-р сард оруулж байжээ.

Харин мягмар гарагт TikTok-той болоод буй Цагаан ордны Х хуудас 2.4 сая, Instagram хуудас 9.3 сая дагагчтай ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *