Наадмын араас хавтгайрсан найр өндөрлөх тийшээ хандаж, найран дундаа найраа хийсэн улстөрчид намрын нанчилдаандаа бэлэн болж байна.
АН-ын дарга…
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл энэ сарын 20-нд хуралдаж, Үндэсний бодлогын хороогоо 8-р сарын 28-нд хуралдуулахаар товлов. Уг хурлаар АН-ын үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэхээр тогтжээ.
Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсныг хамтарсан засаг нурахад л Лу.Гантөмөр мэдэрч, намын даргын ажлаа хүлээлгэж өгөх маягийн юм мэдэгдсэн. Юм бүхэн цагтай. Өөрийнх нь цаг хамтарсан Засгийн газартай хамт дууссаныг тэр мэдэж, халаатай албаа дараагийн хүнд өгөх бололтой.
Гэвч намын даргын албандаа үлдэх найдвар тээснийх үү, намынхаа ирээдүйг бодож дүрмээ сайтар шинэчлээд дараагийн хүнд үлдээхийг зорьсных уу, үндсэн дүрмээ шинэчилж байна, хэлэлцүүлэг хийж байна гэсээр өнөөдрийг хүрэв. Түүнийг хүлээж тэсээгүй тус намын зарим гишүүн Төрийн ордонд сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийж, Үндэсний бодлогын хороог яаралтай зарлан хуралдуулахыг шаарав.
Төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн АН-ын гишүүд нь түүнийг дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргатай хамт явуулах, намын даргын сунгааг яаралтай зохион байгуулах, МАН-ын халааснаас гарах, Х.Баттулгыг АН-аас хөөхийг шаардсан. Шаардлага нь эхнээсээ биелж байна. Цаашхыг нь ҮБХ нь шийднэ.
Тус намын ҮБХ 504 гишүүнтэй. Үүний 168 нь дээрх шаардлагад гарын үсэг зурж, ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт гардуулсан юм. ҮБХ-ны хурлыг намын дарга зарлана. Эсвэл хорооны бүх гишүүний 1/3-ийн саналаар товлох боломжтой. 168 гишүүн гэдэг бол тус хорооны нийт гишүүний 1/3. Нэгэнт гишүүдийн саналаар хороо хуралдах нь тодорхой болсон тул Лу.Гантөмөр Улс төрийн зөвлөлөө өрсөн хуралдуулж, ҮБХ-ны хурлыг зарлалаа.
Тус намын ҮБХ-ны хурлыг залгаад, энэ сарын 29-нд их хурал нь болно. Хүчтэй сөрөг хүчин байх үүрэг сонгогчдоос авч, УИХ-д 42 гишүүнтэйгээр цөөнх болсон энэ нам ирэх хэдэн жилд ямар байхаа ирэх 7 хоногт ҮБХ, их хурлаараа шийдэх нь. Хэнийг хэнээр солихоос их юм шалтгаална л даа. АН-ын дарга албан тушаалтайгаа ана мана зууралдах нь уу, харж л байя.
МАН-ын дарга….
Доороо суурьтай, дотроо бодолтой хүн шиг төрх бүрдүүлж чаддаг МАН-ын зэс үе үе цухуйсаар, доторх бүлгүүд нь нэгийгээ үзэлцэж, нэхийгээ тайлалцахад бэлэн болж байна. Энэ удаад тус нам дотроо У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн гэсэн 2 тал болон нанчилдаж байгаа. Л.Оюун-Эрдэнийг ганц удаа Гашуунсухайт яваад ирэх зуур Ерөнхий сайдын суудлаас нь авч хаях мэхээ боловсруулсан У.Хүрэлсүх энэ намар угсраа мэхээ хийж, намын даргын суудлаас нь хөнтөрнө. Ерөнхий сайд нь намын дарга байх дүрмээ урдаа бариад, Г.Занданшатарыгаа нэг тал нь зүтгүүлэх нь тодорхой.
Гэхдээ сая энэ нам дүрмээ зөрчөөд, Ерөнхий сайдаар намын дарга бус хүнийг тавьчихсан. Үүн дээр нь нөгөө тал дөрөөлж, намын даргын суудлыг авч үлдэх хувилбар боловсруулан, тал талаас нь хэлэлцэж байгаа сурагтай. Цүнхийг нь барьж, зангиаг нь засаж явсан нутгийн дүү нь ахынхаа хийдэг мэх, гаргадаг хийг мэдэж л байгаа байлгүй. Ямар мэх яаж хийхийг тооцон, хариу мэхээ боловсруулаад, хаа холын Солонгос руу хүн амьтан дуудан заавар зөвлөгөө өгч байгаа л дуулдана.
МАН энэ удаагийн их хурлаар дүрмээ шинэчилнэ. Хамгийн гол нь энэ. Дүрэм бол хэсэг бүлэг хүний зохиодог, баталдаг, бичдэг зүйл. Түүнийг хэзээ ч, яаж ч өөрчилж болно. “Ерөнхий сайд нь намын дарга байна” гэж өөрчилсөн шиг.
Энэ нам дотор даргын сонгуулиас гадна нийслэлийн засаг дарга хэн болох вэ гэдэг тэмцэл өрнөж байна. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын сэнтийгээс огцруулахдаа нийслэлийн засаг даргын суудлыг Х.Нямбаатарт үлдээх тохироо хийсэн гэдэг. Гэвч уг тохиролцоо хүчингүй болжээ. Л.Оюун-Эрдэнэ засгийн тэргүүний зөөлөн сэнтийдээ эцсээ хүртэл шигдэж, том ахынхаа дургүйг хүргэсэн тул үеэлээр нь оролдохгүй байх санал хүчингүй болсон юм байна.
Үеэлтэйгээ хамт эрх мэдлийн тойрог, мөнгөний мэдлээс холдохдоо тулаад буй Л.Оюун-Эрдэнэ намын даргынхаа суудалд үлдэхийн тулд ана мана үзэлцэнэ. Өөрөө эс гэхэд, өөрийнхөө хүнийг тавихыг хичээнэ.
