Лхагва гарагт Израилын батлан хамгаалахын сайд Израэл Катц Газын зурвасын хамгийн том хот болох Газа хотыг эзлэх төлөвлөгөөг батлаж, 60 мянга орчим нөөц цэргийг татах шийдвэрийг гаргасан байна.
Ийнхүү зуучлагчдын зүгээс гал зогсоох шинэ саналыг хоёр талд илгээж, уг саналыг Хамас бүлэглэл ямарваа нэгэн болзолгүй, өөрчлөлт оруулалгүй хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа үед Израил улс Газын зурвас дахь байлдааны үйл ажиллагаагаа улам нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Хэдийгээр зуучлагчдын зүгээс АНУ-ын дэмжлэгтэйгээр боловсруулсан гал зогсоох шинэ саналд тун өөдрөг байгаагаа илэрхийлсэн боловч Израилын зүгээс аливаа гал зогсоох тохиролцоог бүх барьцааны хүмүүсийг сулласан тохиолдолд л хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлж, гал зогсоох шинэ саналд албан ёсны хариу өгөөгүй хэвээрээ байгаа юм.

Израилын албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 мянган нөөц цэргийг татах ажлыг ирэх 9-р сараас эхлүүлэх боловч одоо фронтод үүрэг гүйцэтгэж буй ихэнх цэргүүд Газа хотыг эзлэх байлдааны ажиллагаанд түлхүү оролцох болно гэжээ.
Энэ үеэр мөн Израилын зэвсэгт хүчин Палестины Газа хотын өмнөд хэсгээс олон зуун мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажилд бэлдэж байгаагаас гадна лхагва гарагт Газа хотыг эзлэх ажиллагааны эхний алхмуудыг хийж эхлүүлсэн талаар Израилын армийн бригадын генерал Эффи Дефрин мэдэгджээ.