АН-ын даргад өрсөлдөгчид тодорч эхэллээ


АН-ын даргын сонгуульд хэн хэн өрсөлдөх бол гэсэн таамаг эхнээсээ биелж, горилогчдын нэрс тодорч эхэллээ. “Намын даргын сонгууль хууль, дүрмийн дагуу явагдвал өрсөлдөнө” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр шулуухан зарласан бол “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг үзэл санааны хувьд дэмжих нэр дэвшигч байвал түүнийг дэмжиж ажиллана. Тийм дэмжигч байхгүй бол би нэрээ дэвшүүлж өрсөлдөнө” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл мэдэгдэв.  

Зэрэгцэж зогсоод, АН-ын дүрмийг 2023 онд УИХ-аас баталсан Улс төрийн намын тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцүүлэхийг шаардахдаа тэд даргын сонгууль дараа нь, намын дүрэм эхэнд байх ёстой гэсэн зарчимд нэгджээ. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р зүйлд УИХ 2024.12.13-нд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заажээ.

Үүний дагуу бүхий л нам дүрмээ хуулийн хугацаанд нь багтаан шинэчлэх гэж байна. АН 8 дугаар сарын 28-нд  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулна. Их хурлаа 8 дугаар сарын 30-нд хийнэ. Эдгээр хурлаар дүрмээ шинэчлээд, даргаа сонгохоор Лу.Гантөмөр тэргүүтэн төлөвлөж байгаа ч Ч.Лодойсамбуугаас эхлээд, “Бид өнгөрсөн хугацаанд яарсан үйлдэл болгон дээрээ даарсан. Тиймээс яараад яах вэ дээ” хэмээн уриалж байна. О.Алтангэрэл тэр хоёр үүн дээр санал нэгджээ.

АН үндсэн дүрмээ өнгөрсөн 5 дугаар сард шат шатны нэгжүүдээрээ хэлэлцүүлсэн ч тэр тухай мэдээгүй гишүүн цөөнгүй байж, тэд нь О.Алтангэрэл гишүүнтэй уулзан, гомдоллосон бололтой. Тэрээр “Харамсалтай нь АН гишүүдээрээ дүрмээ хэлэлцүүлсэнгүй. АН-ын анхан шатны нэгж дээр байгаа гишүүд дүрэмдээ санал өгөх, энэ асуудалд оролцох эрхээ хязгаарлуулчихсан. Бүр сайн яривал 2017 оны сунгаанаас хойш АН-ын удирдлагууд гишүүд дээрээ очсонгүй. Гишүүдээсээ санал авсангүй. Өнөөдөр ч гэсэн яаран их хурал зарлаад, хэдхэн хүний дунд намын дарга сонгоно гээд яриад явж байгаа нь буруу” хэмээн мэдэгдэв.

Гэтэл түүнтэй зэрэгцэн зогсоод, хэвлэлийн хурал хийсэн Ч.Лодойсамбуу АН дүрмийн төслөө гишүүдээрээ хэлэлцүүлснээр барахгүй 3-4 аймагт очиж, тэр хэлэлцүүлэгт оролцсон болж таарав. Асуудлаа эхлээд хоорондоо ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх явдлыг ямагт орхиж ирсэн АН-ын үе үеийнхний алдааг эдгээр залуу гишүүд нь ч давтаж л явна. Хамгийн гол нь тэдэнд намын дарга болох амбийц байгаа ч боломж АН-ын одооны дүрмээр бол алга. Тиймээс тэд намынхаа үндсэн дүрмийг эхлээд шинэчилж, дараа нь уг дүрмээрээ өрсөлдөхийг шаардаж байна.

Тэд бол АН-ын төдийгүй Монголын улс төрийн залуу үеийнхэн. Ах нарынхаа алдааг давтахгүй байвал сайн сан. Хэдхэн хүн хоорондоо тохироод, асуудлыг шийддэг явдлыг халахаар АН-ын шинэ үеийнхэн сэтгүүлчдийн өмнө зогссон нь сайн. Аливаа асуудлыг дүрмийн дагуу явуулбал, дүрмийг хуулийн дагуу баталбал, хуулийг олуулаа хэлэлцвэл сайн. ҮБХ одоо хуралдаж байгаа нь буруу гэж хэн ч хэлсэнгүй. Энэ хурлаараа намын дүрмээ л хэлэлцье гэж байгаа юм. Үүнийг тус намын залуус шаардаж байна. Тэдэнд хүрд эргүүлэх боломж олдохгүй байна.

Хэрвээ АН-ын ҮБХ дүрмээ шинэчилчхээд, дараа нь болох их хурлаараа даргаа сонгохдоо хуучин дүрмээ баримталбал хачин юм болно. АН дахиад хагарна. Хөгшин залуугаараа, хуучин шинээрээ талцана. Арай ядан эвэлж ядаж яваа АН-д ийм юм огт хэрэггүй.

АН үндсэн дүрмээ сайжруулан баталж чадвал дарга сонгох дүрэм ч залууст ээлтэй болно. Дүрэм ойлгомжтой байвал тоглоом шударга болно. Үүнийг залуус нь хүсэж байна. Ард олонд ч энэ нь хэрэгтэй. Сөрөг хүчнийг хүчтэй байлгахыг сонгогчид хүсдэг. Цагтаа хүчтэй явсан ч цадигаа алдаад, хүч нь суларсан энэ намыг дахин өндийхийг сонгогчид хүлээдэг. АН хүчтэй байвал ард олонд хэрэгтэй болохоор АН-ын үндсэн дүрэм гэдэг бол ард олны амьдралд ч хамаатай дүрэм болж байна. Дүрмээ олигтойхон хэлэлцээд, ойлгомжтой батлаад авбал АН-ын даргын сонгууль үнэндээ дараагийн асуудал л даа.   


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *