Холимог тулааны 2025 оны Ази тивийн Залуучуудын (U-18) АШТ-д оролцох Монгол улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Азийн холимог тулааны холбоо (AMMA)-ноос зохион байгуулж байгаа тус тэмцээн нь өнгөрсөн 06 дугаар сард болох байсан ч тодорхой нөхцөл байдлын улмаас хойшилж одоо 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод болох гэж байгаа юм.
Тэмцээнд Ази тивийн 20 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Монгол улсаас нийт 6 тамирчин 1 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Тодруулбал эмэгтэйчүүдийн -55 кг-д Д.Ариунгоо (Болд нударга), -60 кг-д Б.Өлзийтнаран (Женко) нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн -55 кг-д Р.Баасанжаргал (Кинг Панда), -60 кг-д Б.Анх-Ирээдүй (Шандас ММА), -65 кг-д Э.Билэгт (Мазаалай ММА), -70 кг-д М.Өнөмөнх (Шандас ММА) нар тус тус тулалдах юм.
Баг тамирчдыг ахлан “Болд нударга” клубийн дасгалжуулагч Т.Болдбаатар ажиллах болно.
Мөн Монголын холимог тулааны холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, “Кинг Панда” клубийн дасгалжуулагч Ч.Бат-Амгалан Азийн холимог тулааны холбооны урилгаар тус тэмцээн дээр Олон улсын техникийн ажилтнаар ажиллаж байгаа юм.