Вашингтон хотод Үндэсний гвардын зэвсэгтэй цэргүүд эргүүлд гарч эхлэв


АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп улсынхаа нийслэл хотыг аюулгүй болгож, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Вашингтон хотод Үндэсний гвард болон бусад хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдыг дайчлах зарлигийг гаргаж байсан бол ням гарагаас эхлэн Вашингтон хотод Үндэсний гвардын галт зэвсэгтэй цэргүүд эргүүлд гарч эхэлсэн байна.

АНУ-ын батлан хамгаалах департментын зүгээс мэдэгдсэнээр Вашингтон хотод эргүүлд гарч эхлээд буй Үндэсний гвардын зарим цэргүүд гар буу, зарим нь байлдааны зориулалттай автомат буугаар зэвсэглэж нийслэл хотын аюулгүй байдлыг сахиулна гэжээ.

Түүнчлэн Үндэсний гвардын зэвсэгт цэргүүд нь бүгд өндөр түвшинд бэлтгэгдсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай, зайлшгүй шаардлагатай тохиолдолд л галт зэвсгийг хэрэглэх бөгөөд Вашингтон хотын оршин суугчдын “аюулгүй байдал, сайн сайхныг хамгаалахын төлөө” зайлшгүй шаардлагатай үед хүч хэрэглэж ажиллах болно гэдгийг холбогдох албаны зүгээс мэдэгджээ.

Мөн зөвхөн тусгай даалгавартай цэргүүд л галт зэвсэгтэй эргүүлд гарна гэдгийг онцолсон байна.

Хотын оршин суугчид болон сөрөг хүчнийхний эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан хэдий ч ийнхүү Трампын тушаалын дагуу Үндэсний гвард болон хууль сахиулах хүчний олон мянган цэргүүд АНУ-ын нийслэл хотын гудамж талбайд эргүүлд гарч эхлэснээс гадна Д.Трамп үргэлжлээд Ардчилсан намын гишүүдийн удирддаг Балтимор, Чикаго, Нью Йорк зэрэг хотуудын гудамж талбайд цэрэг дайчилж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо өргөжүүлэхээр судлаж байгаа талаар Америкийн хэвлэлүүдэд бичжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *