Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барихаар нийслэлийн засаг дарга төлөвлөсөн. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, “Гэсэр” сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж барина.
Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Эхний ээлжинд “Монос”-ын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицеруудын ордны тойрог, 32-ын тойрогт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар “Монос”-ын болон МИС-ийн уулзварын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, бусад уулзварын техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж байгаа аж.