Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжиннямтай үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Танай холбооноос өчигдөр мэдэгдэл хийлээ. Өр, авлагын асуудал иймдээ тулчихсан уу?
-Энэ бол их ужгирсан сүүлийн дөрөв, таван жил дамнан шийдэгдэхгүй байгаа өр авлагын асуудал. Эм ханган нийлүүлэх байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагуудад тендерийн хуулийн дагуу эм, эмнэлгийн хэрэгслээ байнга хүртээмжтэй нийлүүлсээр ирсэн. Харамсалтай нь өр төлбөрөө өгөөгүйгээс их хэмжээний он дамнасан өрийн сүлжээ үүслээ. Энэ нь салбарыг тэр чигт нь үйл ажиллагааны доголдолд оруулахаар хэмжээнд тулсан. Эмийн нөөцгүй болох, салбар өрөө өөрийн сүлжээнд орсон нөхцөл байдалтай л байна.
Сүүлдээ арилжааны банкны зээлээр л санхүүгийн дутагдлаа нөхөж эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангах үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо бол эм хангамжийн байгууллагуудын өр таазандаа тулчихсан учраас зээл авах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь даамжирвал оны төгсөлтөөр манай салбар тэг зогсолт хийх эрсдэлтэй болсон.
Тендерт шалгарсан компаниуд гэрээ байгуулахдаа тодорхой зүйл заалттай гэрээ байгуулдаг байх. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авах тухай ч бий болов уу?
-Ер нь бол тендерийн тухай хуулиар хоёр тал харилцан ашигтай гэрээ хийх ёстой боловч гэрээ тэгж хийгдэхгүй байна. Эм хангамжийн байгууллагууд эмнэлгүүдэд эмээ цаг хугацаандаа нийлүүлэхгүй бол элдэв төрлийн асуудалд орно. Үгүй дээ л торгууль хүлээнэ. Гэтэл төрийн байгууллагууд ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Үүнээс улбаалаад л ийм нөхцөл байдалд орчихоод байна.
Эмийн чанарт их эргэлздэг?
-Ер нь бол эмийн чанарын асуудал хүн болгоны анхаарлаа хандуулах ёстой асуудал л даа. 1994 оноос Монгол Улсад хэрэглэдэг эмээ бүртгэдэг болсон. Энэ бүртгэлийн тогтолцоо чанарын хяналтын хамгийн анхан шатны хил хязгаар. Маш өндөр шалгууртай, хэд хэдэн шат дамжлагатай үйл ажиллагаа. Монгол Улсад 4,500 орчим нэр төрлийн эм импортолж байна. Үүний 70 орчим хувь нь хатуу зохицуулалттай орнуудаас, жишээлбэл, Япон, Солонгос, Европын холбооны улсуудаас импортолдог. Үлдсэн 30 орчим хувь нь тухайн улсдаа 5 жил хэрэглэсэн, практикт нэвтэрсэн байхаас гадна таваас доошгүй улсад бүртгэгдсэн эмийг л импортлохыг зөвшөөрдөг.
Орж ирсэн хойно нь анхны материал дээр манай шинжээчид ажиллаж, эмийн чанарт чанарын лабораторийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн чанарт эргэлзэх хэрэггүй.
Гэхдээ эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Тээвэрлэлт, түгээлт, хадгалалтын явцад асуудал гарч болно. Ингэсэн тохиолдолд эргэн таталтын тогтолцоо ажиллаад эхэлсэн.
Чанаргүй эмийн асуудал хаана яригдаж эхлэх вэ гэхээр зөвшөөрөлгүй оруулж ирж байгаа, сошиал дээр замбараагүй зарж байгаа эмэнд л үүснэ. Сүүлийн үед бүр ихсээд байгаа. Энэ бол хэлэхэд хэцүү. Хаанаас ирсэн, гарал үүсэлтэй эсэх, яаж тээвэрлэсэн, хэрхэн хадгалсан гээд. Цэвэр эм байгаа юм уу хуурамч байгаа юм уу гэдгийг ялгахад маш хэцүү.
Эм хангамжийн байгууллагууд тусгай зөвшөөрлөө авахдаа заавал импортолсон байх шалгуур тавьдаг.
-Шинэчлэн батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуульд ханган нийлүүлэх байгууллага заавал эм импортолсон байх ёстой болсон. Хэрвээ импортлоогүй бол тусгай зөвшөөрлийг сунгахгүй зохицуулалт өнгөрсөн оны 10 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчилтэй заалтуудын нэг л дээ. Анх хэлэлцэж байх явцад нь энэ асуудлыг хөндөж байсан ч тусыг олоогүй юм. Гэхдээ энэ бол импортолж байгаа эмийн чанарт нөлөөлөхгүй. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх байгууллагуудын хувьд татан буугдахаас өөр аргагүй байдалд орчихоод байна.