Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас маш хүнд гэмтсэн иргэнд мэс заслын яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ.
Тодруулбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал, жолооч М.Пүрэвбаатар нарын баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Тус иргэний хувьд нүд, эрүү нүүрний болон нурууны бэртэл, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байсан бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлснээр өдгөө ГССҮТ-д шилжин эмчлүүлж байгаа аж.


