МАН-ын дараагийн дарга нь Г.Занданшатар


АН-ынхныг шинэ хуучин дүрмээ тойрон шинэ, хуучнаараа үзэж байх зуур МАН-ынхан ч шинэ, хуучнаараа талцан бужигнаж байна. Тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраа хөмрүүлж, халаат албаа өгсний дараа гадаад яваад сураг тасарсан. Нэг мэдэхэд Солонгост оччихсон, Монголоос хэдэн хүн дуудаж, эх газрын Монголын эрх баригч намд эзэн суух ээлжит хүнийг энүүхнээсээ тавих арга ухаанаа уралдуулаад ирэв.  

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түүний хүн гэдэг. Л.Оюун-Эрдэнийн дуудлагаар Солонгос ниссэн хүмүүсийн дунд түүнийг байсан гэх барим тавим мэдээлэл ч бий. Юутай ч Д.Амарбаясгалан өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Н.Алтаншагай, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарын 20-иод гишүүнийг Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь халуун рашаанд урьж, рашаантай ваннд суунгаа улс төрөө ярьж, МАН-ын даргын суудлыг хэрхэн авах жороо найруулжээ. Тэрээр Ерөнхий сайдын сэнтийнхээ араас намын даргын тамгаа алдахгүйн тулд хамаг байдгаа зориулж, бүхнийг хийж явна.

Энэ уулзалтад Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр залран, өөрийг нь ард олны нүдэн дээр, чуулганы танхимд ичгэвтэр байдалд оруулсан ахынхаа атганаас намынхаа тамгыг хэрхэн авч гарахаа тохиролцжээ. Цүнхийг нь барьж, зангиаг нь засаж явсан нутгийн дүү нь ахынхаа хийдэг мэх, гаргадаг хийг мэдэж л байгаа байлгүй.

Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Ерөнхий сайд гэдэг чинь ер бусын хүчтэй шүү дээ

Том ахынхаа атгыг ямх ямхаар сулруулсаар, намдаа өөрийн гэсэн байр эзэлсэн тэрээр энэ удаад сууриа сайн бэхлэхгүй бол суудлаа нэг хэсэгтээ олохгүй зовно. Тиймээс ч мэрийхээрээ мэрийж, чармайхаараа чармайж яваа.

Уг нь тэр УИХ-ын гишүүн. Гэвч их хурлын гишүүний эрхэм алдрыг чамлаад, гадаад явсан. Ерөнхий сайдаараа яаж ийгээд үлдэх гэж оролдоод, Ерөнхийлөгчид хөөгдсөндөө бантан, гараад явчихсан, Монголоос. Гадаад далайгаас эх газарт газардсан шалтгаан нь тамга. Тамга бол эрх мэдэл. Эрх баригч намын тамга гэдэг эгэлгүй хүчтэй эд. Үүний араас үхэн хатан явахыг нь харвал тэр эрх мэдэлд эгэлгүй дуртай хүн аж. Тэгтлээ хүссэн юмыг нь тэр хүнд өгвөл юу болох бол? Хэн гэдгээс нь л шалтгаалах байх даа.

Түүний гол хөзөр нь Д.Амарбаясгалан. Тэр жилийн өмнөх сонгуулиар Л.Оюун-Эрдэнэтэй хамт нам дотроо үе хоорондын шилжилт хийж, эгнээгээ тэлж, сууриа бэхжүүлсэн. Тэд үүнийхээ хэргийг энэ удаад гаргахыг хичээнэ.

Гэхдээ… Нэг юм бий. Өнгөрсөн сонгуулиар Хэнтийн ах дүүс нийлээд, Говь-Алтайн залууг шоовдорлосныг олон нийт санаж байхад, тэд өөрсдөө мартаагүй нь лав. Шоовдорлосон нь мартсан гэхэд, шоовдорлуулсан нь санаж буй биз. Тойрогт хэн нь хэдэн хүн дэвшүүлж, жагсаалтад аль нь олон хүнээ багтаасныг хуруу даран тоолсон ч болохоор. Эрх ашиг нь хөндөгдөхөөр араар нь гар бариад, эв эе эвдрэлцэхээрээ урдуур нь хөндөлсөж гүйдэг тэдний аясаар хөдлөхгүйгээ Алтайн хөх залуу мэдэж л байгаа. Д.Амарбаясгалан энэ удаад ч эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй.  

Эрх баригч намын тамга гэдэг эгэлгүй хүчтэй эд

МАН-ын тамганы төлөөх тэмцэл Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар хоёрын дунд өрнөнө. Л.Оюун-Эрдэнээс Засгийн газрын тэргүүний албыг Ерөнхийлөгчийн дэмжлэгээр салгаж авсан Г.Занданшатар одоо намын тамгаа залгаад авна. МАН-ын үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Хуучин дүрмээ баримталсан ч, шинэ дүрмээр сонгууль явуулсан ч Г.Занданшатар тус намын дарга болох болно.

Тэрээр намынхаа залуучуудын байгууллагынхантай Ихтэнгэрт уулзаж, залуусыг талдаа татах арга саам хайжээ. МАН-ын залуучуудын байгууллагууд бол У.Хүрэлсүхийг оюутны ширээнээс Ерөнхийлөгчийн сэнтийд хүргэсэн нөлөөтэй бүлэг. Одоо Г.Занданшатарыг засгийн ч тамгатай, намын ч тамгатай болгох үүргийг тэд хүлээлцэж байна. Ерөнхий сайд нь намын дарга байх дүрмээ урдаа бариад, ахмад үеийнхэн Г.Занданшатарыг зүтгүүлнэ. Залуус араас нь түлхэнэ. Дунд үеийнхэн 2 талаас нь өргөнө.  

МАН энэ удаагийн их хурлаар дүрмээ шинэчилнэ. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р зүйлд УИХ 2024.12.13-нд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025.12.31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж зааж өгчээ. Хамгийн гол нь энэ.

Энэ бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгосон заалт. Одоо намын даргын тамгыг нь түүнээс авах заалт.

Дүрэм бол хэсэг бүлэг хүний зохиодог, баталдаг, бичдэг зүйл. Түүнийг хэзээ ч, яаж ч өөрчилж болно. “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж нэгэн цагт өөрчилсөн шиг. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгосон заалт. Одоо намын даргын тамгыг нь түүнээс авах заалт.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын сэнтийгээс огцруулахдаа нийслэлийн засаг даргын суудлыг Х.Нямбаатарт үлдээх тохироо хийсэн гэдэг. Гэвч уг тохиролцоо хүчингүй болжээ. Л.Оюун-Эрдэнэ засгийн тэргүүний зөөлөн сэнтийдээ эцсээ хүртэл шигдэж, том ахынхаа дургүйг хүргэсэн тул үеэлээр нь оролдохгүй байх санал хүчингүй болсон юм байна. Харин одоо намын даргын тамгыг найр тавиад өгчихвөл үеэлээр нь оролдохгүй байх найраа явагдаж эхэлжээ. Үеэлтэйгээ хамт эрх мэдлийн тойрог, мөнгөний мэдлээс холдохдоо тулаад буй Л.Оюун-Эрдэнэ уг тохиролцоог одоогоор хүлээж аваагүй бололтой.

Тэр намын даргынхаа суудалд яаж ийгээд үлдэхээр шийдвэл сэргээш хэрэглэхгүй бол барахгүй. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй Ерөнхий сайд гэдэг чинь ер бусын хүчтэй шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ч олон удаа үүнийг харуулсан. Одоо Г.Занданшатар нотолно. Ядах нь ээ, боловсролтой боловсролгүйдээ тулан, нэгийгээ харуулах гэж ядаж яваа энэ цагт энэ хоёрын хэн нь боловсролтойг захын хүн хэлнэ л дээ.


5 responses to “МАН-ын дараагийн дарга нь Г.Занданшатар”

  1. Оюук одоо боль оо. Дамарбаясгалан ч эрх мэдэл багадаагүй. УИХ-аа сайн ажиллуул

  2. Нэг л зүйл үнэн байна. Зандзка, Бямбацогт 2-ын хоршил энэ улсыг чөлөөт уналт, харанхуй нүхнээс татаж гаргах нь ээ гэсэн итгэл, найдвар. Зандка Оюукыг даган харайж Салхитын мөнгөний ордод сүрийг үзүүлсэн, Үндсэн хуульд бушуу түргэн өөрчлөлт оруулж УИХ-ыг 126 гишүүнтэй болгож, ЗГ-т онцгой эрх олгосон, УИХ-ын төсвийг хяналтгүй болгосон г.м үйлдлүүд нь үр дагавартай байж мэдэх ч тэр шийдэмгий, асуудалд бодитой ханддаг хүн. Бямбацогт бол хэдийнээсээ аж ахуйч, хөдөлмөрч, асуудлын хүндээс айдаггүй, шийдэмгий хүн. Тэр бүтээх, босгох, хүнээр ажил хийлгэх, зөв шийдвэр гаргах чадвартай. Эхэлсэн бол дуусгадаг. Угаасаа Ховдынхон үнэн үгтэй, амьдрах, ачаа даах чадвартай нь үнэн. Ийм хүмүүс л энэ цаг үед ЗГ-ыг хөтлөхгүй бол энэ улс орон сүйрлийн ирмэгт биш, бүр сүйрчихээд бн. Хорчингууд холай холай!!!

  3. Энэ цаг үед эрүүл ухаантай хүмүүсийн гарт Засгийн удирдлага очсон нь зол юм. Оюук, Амарбаясгалангийн хоршил ард түмнийг туйлдууллаа. Зандка, Бямбацогт 2-т ард түмэн итгэж,найдаж байгаа. Зандка Оюукийг дагаж сүрийг үзүүлсэн үйлдэл хийсэн. Үндсэн хуульд бушуу түргэн өөрчлөлт оруулж ЗГ, УИХ-ыг бие даасан эрх мэдэлтэй болгож, засаглалын тэнцвэрийг бий болгоно гэж үзсэн. Энэ шийдвэрийнхээ зөв, бурууг өөрөө үзнэ биз.. Хууль сайн байгаад хэрэгжүүлж буй субьект/ нам,хүн-ээс их юм шалтгаалдаг гэдгийг өөрийн биеэр үзэх буй за. Бямбацогтийн хувьд энэ улсын э/з, аж ахуйг хөл дээр нь босгож, ангалаас татаж гаргах чадвартай хүн. Тэр асуудлын голыг олж шийддэг, ажлын хүндээс айдаггүй, эхэлсэн бол дуусгадаг, амьдралд ойр хүн. Аль аль нь шийдэмгий, алдаа, оноог дэнсэлж чадах хүмүүс гэдэгт итгэлтэй бн. Хорчин, хуйвалдагчид ХОЛАЙ ХОЛАЙ!!

  4. Хогийн сайт минь сэтгэгдэл цензурдахаа боль оо! Хорчин, хуйвалдагчдийн сайт юм бн.ккк

  5. Данхыг Монгол улсын төрөөс зайлуулж өгөөч гэж л хүсье дээ. 5 жил ийм новшоор төр бариулах гэж дээ. Азгүй юмаа Монголчууд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *