Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр охидын 40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртэж монголын багийн медалийн салхийг хагаллаа. Тэрээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр ялжээ.
Түүний хувьд “Афин-2004” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын шавь бөгөөд Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон нь энэ юм.
2025 оны өсвөрийн ДАШТ-д манай улсаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй таван дасгалжуулагчийн удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж буй.
