2025 оны Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Ингэснээр хасагдах шатанд өрсөлдөх багууд тодров.
“A” хэсгийг Нидерланд тэргүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны баг Тайландын эмэгтэйчүүд хоёроор шалгарч Японы шигшээ багтай учраа таарахаар болсон. “В” хэсгийг олимпын аварга Италийн шигшээ тэргүүлж, Белгийн шигшээ баг хоёроор, “С” хэсгийг олимпын хошой аварга, “Парис 2024” олимпын наадмын хүрэл медальт Бразилын шигшээ тэргүүлж, Францын баг хоёроор шалгарав. Харин “D” хэсгийг Токиогийн олимпын аварга, Парисын олимпын мөнгөн медальт АНУ-ын шигшээ баг тэргүүлж, Словенийн баг хоёроор, “E” хэсгийг Туркийн шигшээ тэргүүлж, Канадын баг удаалж хэсгээсээ шалгарав.
Тэгвэл “F” хэсгийг манай урд хөрш 2016 оны Бразилын олимпын аварга, 1982, 1986 оны Дэлхийн аварга БНХАУ-ын шигшээ баг тэргүүлж, Доминиканы шигшээ хоёроор, “G” хэсгийг Польш улсын шигшээ баг тэргүүлж, Германы баг удаалсан юм.
“H” хэсгийг Японы шигшээ тэргүүлж, Дэлхийн хошой аварга Сербийн шигшээ баг хоёроор хэсгээсээ гарлаа. Ийн хасагдах шатанд өрсөлдөх 16 баг тодроод байна.
Хасагдах шатны тоглолтууд маргааш буюу наймдугаар сарын 29-ний өдөр эхэлнэ. Дашрамд дурдахад энэ удаагийн ДАШТ-ийг “N Sports” албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан хүргэж байгаа билээ.
