Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр 12:30 цагаас хуралдахаар товлов. Уг хуралд 389 гишүүн оролцох учиртай.
Энэ хурлаар намын үндсэн дүрмээ шинэчилж, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцүүлнэ. Уг хуулийн 2-р зүйлд УИХ 2024.12.13-нд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025.12.31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж зааж өгчээ. Уг нь энэ хуулийг Улс төрийн намын тухай шинэчилсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс мөрдөх байсан ч 2024.11.22-нд хамтарсан Засгийн газар “2025.12.31-ний дотор” болгон, үйлчлэх хугацааг нь сунгасан юм.
Үндсэн дүрмээ шинэчилсний дараа их хурлаа зарлана. Харин АН-ын дарга Лу.Гантөмөр ажлын тайлангаа танилцуулах, дараагийн даргаа сонгох асуудлыг хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар АН-ын ҮБХ үндсэн дүрмээ өөрчлөхөд төвлөрч, даргын сонгуулийг их хурлаараа явуулахыг шаардсан юм.