Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Үүнтэй холбоотойгоор тус намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Уг хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын үндсэн дүрмийг хэлэлцжээ. 2023 онд УИХ-аас баталсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд АН энэ оны 2 дугаар сарын 3-нд үндсэн дүрмээ шинэчлэн боловсруулах ажлын хэсэг гаргаж, 3 сарын хугацаанд шинэчилсэн төслөө боловсруулжээ. Уг төслийг өнгөрөгч 5 дугаар сард 21 аймаг, 9 дүүрэг дэх АН-ын нийт гишүүдээр хэлэлцүүлж, саналыг нь авсан байна.

Үүнийг тус намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хэлэлцэж, Үндэсний бодлогын хороонд өргөн барьж хэлэлцүүлэх дэгтэй.
