Бохир улстөрчдийг намын даргаар сонгохгүй, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан үзэл баримтлалаасаа ухрахгүй байхыг АН-ын гишүүд, МоАХ-ны гишүүддээ уриалан, МоАХ-ны дарга Д.Монголхүү нарын гишүүн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийж байна.
Д.Монголхүү:
-2017 оноос хойш үүссэн замбараагүйтэл, дарангуйлал Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хэдхэн хүний хосолмол тоглолтоос үүдэлтэй. Энэ дарангуйллыг зогсоох, мөн эхэлсэн ажлаа дуусгах нь Монголын ардчилсан холбооны гол зорилт болчихоод байна.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ардчиллын нэр барьсан зарим гишүүн ардчиллын үнэт зүйлийг сурталчлан таниулах үндсэн зорилгынхоо эсрэг байна. Монголын ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид маань ухаараач ээ. Анхныхаа зорилгын эсрэг үйл ажиллагаанд битгий автаач ээ гэдгийг үе үеийнхээ гишүүддээ уриалмаар байна.
Монголын ардчилсан холбооноос төрж гарсан улс төрийн хүчнүүд олон бий. Түүний нэг нь Ардчилсан нам. Монголын ардчилсан холбоо гэхээр Ардчилсан нам гэж хольж ойлгож болохгүй. Мэдээж Ардчилсан нам, Ардчилсан холбоо аль аль нь эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн байгууллагууд. Тэр үүднээсээ энэ үнэт зүйлээ дээдэлдэг, бие даасан үйл ажиллагаа явуулдаг чадвартай нам болоосой гэж хүсэж байна.
Өнгөрсөн хугацаанд шүүхийн хараат бус байдалд халдахыг байнга оролдлоо. Бид улс төрийн тоглоом биш. Бохир улс төрийг цаашид улс төрийн тавцан дээр үргэлжлүүлж болохгүй. 2017 онд Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдож, тэр цагаас хойш Л.Оюун-Эрдэнэ гэсэн хоёр хослол явж ирлээ. Яг тэр үеэс хойш Монголын байгаа байдлыг хар. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлж чадахгүйд хүрлээ. Ямарваа асуудал нийгэмд үүсэхэд түүнийг өөрсдийнхөө улс төрийн давуу тал болгож ашигладаг боллоо. Энэ асуудлыг яаж шийдэх үү, яавал хүний эрхийг хангах уу гэдэг талаас нь бодлогоо боловсруулахын оронд бодлого толгойлогчид нь өөрсдөдөө ашигтай хэрэгсэл болгож хувиргадаг болсон. Ийм сэтгэлгээний загварчлалтай улстөрчдийг улс төрийн тавцанд тоглуулж болохгүй. Ардчилсан нам дотроо намын даргаа сонгохдоо энэ асуудлыг сайтар тунгаан бодож шийдвэрээ гаргаасай.