Улсын төсвийн төслийг хэт өөдрөгөөр төсөөлөхөөс татгалзъя


– Чанартай эдийн засаг хэрэгтэй байна –

Одоогоос яг жилийн өмнө 2025 оны төсвийг батлахдаа хэт өөдрөгөөр төсөөлж байв. 2024 онд нүүрсний экспорт түүхэн дээд амжилтаа давж, 100 мянган тоннд дөхсөнөөр ийм төсөв батлахад хүрч байлаа. Бодит байдалд нүүрсний үнэ түрүү жилийнхээс хэд дахин буурч, экспорт төлөвлөсөнд хүрэхгүй, аж үйлдвэрийн салбарын тоон мэдээлэл уруудах боллоо.

Яг энэ алдаа энэ жилийн улсын төсөвт дахин давтагдах уу гэдэг дээр анхаарлаа хандуулъя. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд нүүрсний экспортын жилийн дундаж үнэ 2026 онд 70 $/тн-д хүрэхээр байна гэж төсөөлжээ.

Тоо биш, иргэдийн амьдралд очиж наалдах чанартай эдийн засаг хэрэгтэй байна.

Энэ төсөөлөл биелэх эсэх нь эргэлзээтэй. Ихэвчлэн Хятад улс руу коксжих нүүрс экспортолдог манай улсад урд хөршийн нүүрсний үнийн уналт, бууралт шууд хамааралтай юм. БНХАУ 2021–2025 онд үл хөдлөх хөрөнгө, барилга, байгууламж болон хүнд үйлдвэрлэлд тулгуурласан, хурдтай өсөлтийн загвар баримталж ирсэн. Ингэснээр үл хөдлөхийн салбар маш эрчимтэй хөгжиж, эрэлтээсээ давсан нийлүүлэлт бий болж, эсрэгээрээ үл хөдлөхийн салбарын хямрал сүүлийн 7 жилд үүнээс сүүлийн 3 жилд нь асар хурдтай нүүрлэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 11 хувиар буурч, уналт үргэлжилсэн хэвээр байгааг төсвийн төсөлд ч мөн дурджээ.

Үл хөдлөх хөрөнгийн хямрал энэ янзаараа үргэлжилбэл гол хэрэглэгч болох барилгын салбарынхны уналт гангийн үйлдвэрлэлд шууд болон шууд бусаар нөлөөлөх нь дамжиггүй. Нэгэнт эрэлт буурсан гангийн үйлдвэрлэл тэгтлээ тэлэхгүй гэдгийг олон улсын шинжээчид ч хэлж байна.

Тэгэхээр төсвийн төслөө заавал өөдрөгөөр төсөөлөх хэрэг байгаа юу? Онолын хувьд бол төр ч бай, хувийн хэвшил ч бай өөдрөг, бодит, болгоомжилсон гэсэн 3 хувилбараар төсвөө гаргадаг эдийн засгийн хамгийн энгийн зарчим бий. Үүнийг үл тоон заавал өөдрөг төсөөллөөр төсвөө батлах нь гарцаагүй л юм бол хариуцлагын тогтолцоогоо ил тод, ойлгогдохоор болгож өөрчилье! Төсөв өргөн мэдүүлсэн Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцдог болбол байдал шал өөрөөр эргэнэ. Зөөлөн сандлаасаа тийм амархан буучих нь олон биш ээ.

Заавал өөдрөг төсөөллөөр төсвөө батлах нь гарцаагүй л юм бол хариуцлагын тогтолцоогоо ил тод, ойлгогдохоор болгож өөрчилье. Төсөв өргөн мэдүүлсэн Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцдог болъё!

Тэгэхээр таамаглалын бус, болгоомжилсон төсөв өргөн барьж байя. Ингэж чадвал жинхэнэ утгаараа хэмнэлтийн горимд шилжинэ. Нөгөө үр ашиггүй олон төсөл, хөтөлбөр хумигдана. Түүнийг дагасан элдэв орон тоо ч багасна. Олон газар, хэлтэс ч хэрэггүй болно. Бодитоор хэмнэлтийн горимд шилжих бус уу!

Шинэ Засгийн газар 2025 оны наймдугаар сараас “276 ажлын өдөр” бодлого хэсэгчлэн хэрэгжүүлж эхэлнэ. Үүндээ мөн л нүүрсний борлуулалтыг өөдрөгөөр төсөөлжээ. Үүнийгээ тайлбарлахдаа “БНХАУ-ын ногоон эрчим хүч, дэвшилтэт өндөр технологи, био анагаах ухаан зэрэг салбарын хэрэгцээнд нийцсэн өндөр чанартай гангийн үйлдвэрлэл эрчимжих төлөв нь коксжих нүүрсний эрэлтийг дэмжиж, үнийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөл бүрдүүлэхээр байна” хэмээн өөдрөгөөр төсөөлжээ.

Өөдрөг төсөөллийг огт болохгүй гэж хэлээгүй. Гэхдээ бодитой, эсвэл болгоомжилсон төсөв өргөн барих нь өнөөдөр нүдээ олсон хэрэг болох гээд байна. Түүнийгээ ягштал баримталж чадвал үр дүнд нь хэдүүлээ авдартаа мөнгөтэй үлдэнэ.

Харин эсрэгээрээ өөдрөг төсөөлөл бодит хөрсөнд буугаагүйгээс алдагдалд орвол яах вэ. Өргөн барьсан хэсэгт нь ямар ч хариуцлага тооцохгүй үлдээе гэж бодоход цалингаа тавихгүй, тэтгэврээ өгөхгүй байж байлтай биш. Өр тавьж эсвэл мөнгө хэвлэж нөхнө. Ингэснээр инфляц нэмэгдэнэ. Цаашлаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдэд дарамт учруулна. Ингэж амиа аргалсан жишээг хэдэн арваар дурдаж болно.

Үүнээс гадна иргэдийн зээлийн хүү ганц оронтой тоонд ордоггүй, Дэлхийн жишигт очдоггүй гол шалтгаан нь энэ. Төсөв тасрахад ямар нэгэн аргаар орлого бүрдүүлэхийг чухалчилж, татвар, хураамжаа нэмдэг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ татан унагаж, дундаж давхаргынхныгаа өөрсдийнх нь хэлдгээр ул руу гулсуулна.

Тоо биш, иргэдийн амьдралд очиж наалдах чанартай эдийн засаг хэрэгтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *