Лу.Гантөмөр: Эрх баригч намаас илүү рейтингтэй намыг хүлээлгэж өгч байна


АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаа оролцохоор тус намын дарга Лу.Гантөмөр ирлээ. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

АН-ын дарга Лу.Гантөмөр:

-ҮБХ-ны хурлаар ямар асуудал шийдэх вэ. Намын даргын асуудал ярих уу?

-Намын мөрийн хөтөлбөрийг баталж, УДШ-д бүртгүүлэх үүрэгтэй. Намын даргын сонгууль явуулах чиглэлийг би ҮБХ-нд өгч байгаа. Би чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр ҮБХ-нд албан ёсоор гаргана. Түүнийг хэрхэн шийдэхээ ҮБХ журмын дагуу сонгуулиар шийднэ. Гантөмөр ажлаа өгөхгүй гэсэн юм шигээр асуудалд хандаж болохгүй.

Эхлээд дүрмээ батлаад, дараа нь даргаа сонгох ёстой гэсэн байрь суурь бас байна.

-АН өөрөө зовлон үзсэн нам шүү дээ. 2 хуваагдаж, даргагүй, бүртгэлгүй гэж явж байсан. Одоо бол албан ёсны хурлаа хийгээд, албан ёсны шийдвэрээ гаргана.

-Дараагийн дарга ямар нам хүлээж авах бол?

-Аль ч судалгаагаар АН рейтингээр МАН-аас дээгүүр байгаа. АН-ын дарга 1-рт, АН-ын эв нэгдлийг хангаж, 2-рт үнэнчээр ажиллах, 2 нүүргүй байх шаардлагатай. 3-рт хүчтэй сөрөг хүчний ажил хийх үүрэг даалгавар оногдож байгаа. Шинэ дүрмийн дагуу намын бүх шатны байгууллагыг дахин зохион байгуулах нүсэр их ажил шинэ даргад байна. Ухаалаг, ард түмний талд байж чаддаг дарга сонгож чадна гэж итгэж байгаа.

-АН-ын байр барих газрын асуудал юу болсон бэ?

-Тэр барилга дээр барилга барьж, АН тэндээс сууцаа авах гэрээтэй. Өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй байна.

-Хэн зарсан юм бэ?

-Зарах биш. Тэр бол их олон жилийн өмнөх яриа. Энэ газар дээр шинэ байр барьж, одоогийнхоос илүү талбайтай байртай болохоор хийсэн хэлцэл.

2023 онд та Баярцогт даргатай өрсөлдсөн тэр болзол хэвээрээ байгаа юу?

-АН-ын ҮБХ өөрсдөө яриад, шийдвэрээ гаргах эрхтэй. Энэ эрхэд янз бүрийн байдлаар халдаж болохгүй. Энэ хурал дээр янз бүрийн санал гарна. Олонх нь шийдвэрээ гаргана. Түүнийг хүндэтгээд цаашаа явах ёстой.

-Та АН-ын дараагийн даргад АН-ыг ямар байдалтай хүлээлгэн өгч байгаа вэ? Та ажлаа хэр хийсэн бэ?

-Тэрийг ард түмэн дүгнэж байгаа. АН өнөөдөр МАН-аас рейтингээрээ илүү байна гэдэг бол… Би 5%-тай нам хүлээж авсан, сонгуульд орохын өмнө шүү дээ. Тухайн үед МАН манай намаас 2-3 дахин өндөр рейтингтэй байсан. Өнөөдөр бол эрх баригч намаасаа илүү рейтингтэй намыг хүлээлгэж өгч байна. Ямар ч байсан намаа хуваасангүй. Алдаж асгасангүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *