УИХ-ын гишүүн Ө.Шижир Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөр, холбогдох бусад материалаа ҮБХ-ны Дотоод сонгуулийн хороонд сая өглөө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Манай АН өөрийн байргүй. Генсекгүй 5 жил байж байгаад, саяхан генсектэй болсон. Энэ түүхийг давтаж болохгүй. Тиймээс эхлээд дүрмээ, дараа нь даргаа ярья гэдэг байр суурь би өнгөрсөн хугацаанд илэрхийлсэн.
АН их хурлаа хийхийн тулд намын даргад нэр дэвшиж буй хүмүүсийг “Мөнгөө хувааж өг” гэдэг зүйлийг сая ярьж байна. Компани хүртэл хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийхдээ хувьцаа эзэмшигчдээсээ мөнгө авдаггүй шүү дээ. АН их хурлаа хийхдээ зардлыг нь нэр дэвшигчдээр гаргуулах гэж байна. АН чинь инститүц, байгууллага. Ингэж хандаж болохгүй. Энэ бол энгийн, байдаг л хурал. Энгийн хуралд хүртэл ингэж хандаж болохгүй ээ.
Бид өөрчлөгдөх, шинэчлэгдэх цаг болсон. Одоо бид ялдаг нам болох хэрэгтэй. Дундговийн Сайнцагаанд байгаа АН-ын гишүүн ядаж намын дүрэмдээ саналаа өгдөг байх хэрэгтэй.
Та нар өчигдөр анзаарсан бол намын даргын өргөдлийг хэлэлцэхэд ҮБХ-ны 247 гишүүн ирсэн байсан. Үндсэн дүрэм хэлэлцэхэд 100 хүрэхгүй хүн үлдсэн. Бүгд хуваагдаад, гараад явсан. Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгаланг ҮБХ-ны гишүүнээр 4 жил ажиллаагүй гээд журам гаргаад, хасаад хаячхаж байгаа биз. Ийм байдлыг өөрчилье гэж би АН-ын даргад нэр дэвшиж байгаа. Үндсэн дүрмээс давсан журам гэж байхгүй. Бид илүү олон залуучуудад үүдээ нээх ёстой. Илүү олон залуучуудыг энд оруулж ирээд бужигнуулах ёстой байхгүй юү.
Тийм учраас би ийм өөрчлөлт хийе гэж бодож байгаа. Та бүхэн дэмжээрэй. Баярлалаа.