Бокс, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох баг тамирчдын бэлтгэлтэй танилцлаа


ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт нар өнөөдөр бокс, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдын бэлтгэлтэй танилцаж, тэдэнд амжилт хүслээ.

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Их Британийн Ливерпүүл хотод есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болох бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн. Анхны медалийг 1982 онд Гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон медальтан нь Гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар юм.

БОКСЫН ДАШТ-НД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ТАМИРЧИД:

Эмэгтэй: 48 кг Л.Алтанцэцэг, 51 кг Б.Мөнгөнсаран, 54 кг О.Есүгэн, 57 кг М.Энхжаргал, 60 кг М.Намуун

Эрэгтэй: 50 кг А.Баттулга, 55 кг Х.Билгүүнсайхан, 60 кг Г.Лундаа, 65 кг Б.Мишээлт, 70 кг О.Бямба-эрдэнэ

Мөн Хорват улсын Загреб хотод ирэх сарын 13-21-ний өдрүүдэд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилалттай танилцлаа. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, С.Сүхбаатар тэргүүтэй зургаан дасгалжуулагчийн удирдлага дор “Загреб-2025” ДАШТ-д оролцох тамирчид хяналтын болон сэргэлтийн бэлтгэлээ хийж байна.

Япон улсын иргэн, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Казүхито Сакай Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай анхны бэлтгэл сургуулилтаа хийж байв. “Лос-Анжелес-2028” олимпын наадам хүртэлх хугацаанд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын бэлтгэл сургуулилалтад дасгалжуулагч Казухито Сакай зөвлөх багшаар хамтран ажиллах юм. Д.Жаргалсайхан дарга түүнд хандаж, “Дэмжин ажиллахаа илэрхийлж, ДАШТ-ий дараа тусгайлан хүлээн авч уулзана” гэв.

Чөлөөт бөхийн баг тамирчид ДАШТ-ээс нийт 85 медаль хүртсэн бөгөөд анхны медальтан нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Ж.Мөнхбат (Шинэ Дели-1967 онд хүрэл медаль) бол отгон медальтан нь С.Цэрэнчимэд (мөнгөн медаль), Ц.Цогбадрах (хүрэл медаль) нар билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *