АН-ын дараагийн дарга тодорлоо. Энэ намын од гийх үү, харвах уу гэдэг нь Одонгийн Цогтгэрэлээс ихээхэн хамаарахаар болж байна. Тэр энэ намын дарга болсноор 2027 онд Ерөнхийлөгчийн, 2028 онд УИХ-ын сонгуульд намаа ялуулах үүрэг сайн дураараа хүлээв. Ял, гавьяа хоёрын аль нэгийг нь хүртэхэд түүнд ердөө 2-хон жил үлдлээ.
АН-д гишүүнээр элсээд 25, ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод 10, УТЗ-ын гишүүн болоод 8 жил болж буй тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн даргаар дараалан ажиллаж байгаа. Намаа мэддэг, алдааг нь андахгүй, оноонд нь омойтохгүй болсон. Замаа мэдэж, захыг нь мушгиж чадна гэж намынх нь гишүүд түүнийг алсыг харагчид суулгалаа. Хараа сайтай хүн бол алсыг харагч дээрээс хажуудхаасаа эхлээд холын барааг ч сайн харна. Харалган амьтан бол оргил дээр зогсоод ч өөрийнхөө гутлыг ч харахгүй.

“Шинэ Монголоо цуг бүтээнэ” гэж тэр АН-ын гишүүдэд төдийгүй, ардчилалд итгэгч олонд амласан. Шинэ Монгол ойрхон байх ёстой. Хаана байгааг нь ч тэр мэдэж байх учиртай. “Ам алдвал барьж болохгүй. Агт алдвал барьж болно” гэдэг. Энэ намд одоо агт, ам аль нь ч хэрэггүй. Ардчиллыг аврах удирдлага, ажил хэрэгч шийдвэр хэрэгтэй. Үүнийг хий, үгэндээ хүр, үлгэрлэ гээд ҮБХ-ны гишүүдийн 62% нь О.Цогтгэрэлд саналаа өглөө. Их хурал нь 100%-ийн саналтайгаар ёсчиллоо. Эрхээ нэгэнт авсан хүн бэрхийг ярилгүй бүтээнэ, болгоно биз ээ. Бэрхийг ярих эрх ч түүнд үгүй.
Энэ намын од гийх үү, харвах уу гэдэг нь Одонгийн Цогтгэрэлээс ихээхэн хамаарахаар болж байна
Ажаад байхад АН өөр болж эхэлжээ. Насанд хүрч, намба суун, үгээ боддог, үйлдлээ хянадаг болж. Ардчилалд дулдуйдан арсалдахаа больж. Хэмлэлддэг биш хэлэлцдэг болж. “Женко”-гийн цаг өчигдрөөс зогсов. Попуудын үлгэр энд хүрээд жаргав. Хаана хаанаа хичээж, олон нийт анзаарч байгаа энэ үед АН-ыг цаашид хэн, яаж удирдах вэ гэдгээс их зүйл хамаарна. Даанч дарга хэчнээн супер байлаа ч хаан биш. Бүгдээрээ хэлэлцэж, хамтаараа шийдвэр гаргахыг чухалдаг АН-ын дарга тэр тусмаа ганцаараа бүхнийг шийдэхгүй. Даргын баг яаж бүрдэхээс дараа дараагийн их юм хамаарна. Үүнийг АН-ын шинэ дарга тооцож л яваа байлгүй.
Юутай ч АН-ын энэ удаагийн сонгуульд олон залуус оролцох амбийцаа илэрхийлж, зарим нь түүнийгээ арайхийж дарсан бол зарим нь аргагүйн эрхэнд дарагдлаа. Дарж чадалгүй, дэрвэж ороод, дарвайтлаа гуядуулсан нь ч байлаа.

Тус намын даргын сонгуульд өрсөлдсөн эрхмүүд бүгдээрээ дарга болно гэж зориогүй биз. Дарга болохгүй гэхэд дэд болно. Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд очно гэхчилэн тооцсон нь лав. ҮБХ-ны хурал болохоос өмнө нэр дэвшихээ зарлаад байсан нөхөд ч одоо дарга болох гээгүй нь анзаарагдсан. Дараа… гэсэн алсын бодол тээж яваа тэд одооноос биеэ бэлдэн, замаа засаж, бусдын санах ойд нэрээ хадгалуулж яваа нь болохгүй зүйл ч бас биш.
АН-ын даргын сонгуульд энэ удаад 2-ын 2 эмэгтэй өрсөлдөхөө мэдэгдсэн нь онцлог. 1 нь босгонд бүдэрч, нөгөө нь босго давсан ч тэд энэ намыг Ардчилсан нам гэдгийг олон нийтэд дахин сануулж, намынхаа өнгийг сэргээн, нэрийг нь өргөв. АН-ын эмэгтэйчүүд аатай. УИХ-ын гишүүн болсон энэ намын бүсгүйчүүд хэзээд парламентыг тодолж, бусад намын эмэгтэйчүүдээ түүчээлж ирсэн. Ж.Баярмаа, Л.Мөнхбаясгалан нар ч тийм л бүсгүйчүүд. Энэ намын ч, энэ парламентын ч тод өнгө, өөр дуу хоолой, тодруун дүр.
“Женко”-гийн цаг өчигдрөөс зогсов. Попуудын үлгэр энд хүрээд жаргав.
7 өнгөтэй ч нийлж солонго болдоггүй, 70 хэлтэй ч нэгдэж шийдвэр гаргадаггүй явсан үед энэ намд бий. Тэр нь бусдын олз болдог. Түүн дээр нь өрсөлдөгчид нь бараан өнгө нэмж цацдаг. АН бол хэрүүлээс өөрийг хийж чаддаггүй, гар хөл нь хүлээтэй, хэл ам нь хөгжсөн улс байдаг гэж өрсөлдөгчид нь ухуулдаг. Ардчилал нэрийн дор арсалдсан улсуудын бөөгнөрлийг АН гэдэг гэж ард түмэн ч ойлгодог болсон. Тиймээс ч ажил хийлгэх гэж биш, хэрүүл хийлгэх гэж энэ намд саналаа өгдөг сонгогч зөндөө. МАН-ыг хянах харгалзагч, ажлыг нь шалгах хянагч, болохгүйг нь засуулах засварчин байлгах гэж тэр шүү дээ. Гэвч АН тэдний хүслийг биелүүлээгүй. МАН-тайгаа хүзүү, сээрээрээ хэлхэлдчихсэн.

Тэрнийхээ шанд энэ нам бүх талаар дорджээ. Өөрийн гэсэн байргүй тэд эрх барих дээд байгууллагынхаа хурлыг энд тэнд хийлээ. Их хурал хийх зардлаа хүчрэлгүй, намын даргад нэр дэвшигчдээр даалгахдаа тулав. Энэ зовлонг нь ойлгож, мөнгөө чимээгүй өгсөн хүмүүс байхад түүнийг нь эсэргүүцсэн хүн ч гарлаа. Байр ч үгүй, мөнгө ч үгүй энэ намыг гишүүн ч үгүй болоогүй дээр нь татаж авах оюун О.Цогтгэрэлд байгаа гэж найдъя.
АН алдаагаа засаж, алсыг харж эхэллээ. МАН харин намын даргынхаа сонгуулийг ямархан байдалтай явуулах юм бол доо. Ажаад байхад аягүй л байна. Намууд эвтэй байвал улстөр эетэй, улс төр эетэй бол хүн зон тайван байх сан даа.