Улсын дээд шүүх өнөөдрөөс нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороон дахь Ц.Жигжиджавын гудамжинд байрладаг боллоо. Сүхбаатарын талбайн баруун талд, хуучнаар Хангарди ордонд тус шүүх өнгөрсөн 7 хоногт нүүн оржээ.
Өнөөдрөөс эхлэн хяналтын шатны бүх шүүх хурлыг энэхүү шинэ байрандаа хийх юм байна. Энд Улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг Шүүхийн академи үйл ажиллагаа явуулна.
УДШ өмнө нь хяналтын шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хурлаа нэг танхимд ээлжилж явуулдаг байв. Одоо байраа томруулсан тул эдгээр хурлыг нэгэн зэрэг хийх боломжтой болжээ. Хэрэгт оролцогч, өмгөөлөгч нарыг хавтаст хэрэгтэй танилцах өрөөг нэмж, иргэдэд үйлчлэх хэсгийн зай талбайг томруулжээ.
Тус шүүх Хангарди ордонд шилжин байрласнаар сургалтын заал танхим хүрэлцээтэй болж, номын сангаа томруулан, сургалт, судалгааг өргөн хүрээнд хийх боломж бүрдсэн байна. Мөн олон нийтэд мэдээллээ шуурхай түгээх, нээлттэй шүүх хурлыг нэгэн зэрэг чанартай шууд дамжуулах нөхцөл бүрджээ.
УДШ-ийн шинэ байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Улсын дээд шүүхийн https://www.supremecourt.mn/mn/ цахим хаягийн Холбоо барих хэсгээс авна уу!