Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирал асан И.Жанболат, мэргэжилтэн Е.Айнур нарт холбогдох хэргийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн 7 хоногт хэлэлцлээ. И.Жанболат МСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, сургалтын аргазүйч Е.Керим нартай бүлэглэн, 2019-2020 оны хичээлийн жилд тус төвд суралцаагүй 18 иргэнийг суралцсан мэтээр цахим системд бүртгэж, улсын төсвөөс 22 сая төгрөг завшжээ.
МСҮТ-д суралцагчдад улсын төсвөөс тэтгэлэг олгодог. Уг тэтгэлгийг дээрх хүмүүс завших зорилгоор ийм хэрэг үйлдсэн аж. Тус аймгийн МСҮТ-д 2019-2020 оны хичээлийн жилд сурсан суралцагчдын нэрсийн жагсаалтыг тус төвийн захирал 2019 оны 12-р сарын 14-нд баталсан аж. Уг тушаалын хавсралтад жагсаасан нэрсийн жагсаалтад уг 18 хүний нэр ороогүйг мөрдөн байцаалтаар тогтоожээ.
Тэдний энэ хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд, И.Жанболат, Е.Керим, Е.Айнур нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Ингээд И.Жанболатыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, нээлттэй хорих ангид 1 жил 6 сар ял эдлүүлэхэр шийтгэжээ. Е.Айнурт нийтийн албанд 4 жил томилогдох эрх хасах, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Е.Керимыг нийтийн албанд 3 жил томилогдох эрхгүй болгож, 11 сая төгрөгөөр торгожээ.
Тэд үүнийг зөвшөөрөлгүй давж заалдсан байна. Давж заалдах шатны шүүх Е.Керимыг цагаатгав. Харин И.Жанболат, Е.Айнур нар албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхээс оноосон ял тэдний хийсэн үйлдэлд тохирсон, Эрүүгийн хуулийн ял оноох нийтлэг зарчимд нийцсэн гэж дүгнэн, И.Жанболат, Е.Айнур нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болголоо.