Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16 багийн тоглолт өнөөдөр өндөрлөнө. Ингэснээр шөвгийн 8-д өрсөлдөх багууд тодрох юм. Одоогийн байдлаар Япон, Нидерланд, Итали, Франц, Бразил, Польшийн шигшээ баг өрсөлдөгчөө ялж, хасагдах шатанд шалгараад байгаа юм.
Харин өнөөдөр олимпын аварга, Парисын олимпын мөнгөн медальт АНУ-ын шигшээ Канадын багтай, Дэлхийн чансааны 5-д эрэмбэтэй Туркийн баг Словенийн багтай тоглож, хэн нь Дэлхийн аваргын тэмцээнээ цааш үргэлжлүүлэх вэ гэдгээ шийднэ.
Өчигдрийн тоглолтын тухайд манай өмнөд хөрш, Дэлхийн хошой аварга БНХАУ Францын багтай тоглож, 3:1 харьцаатай хожигдож, гэртээ харихаар болов. Харин тэднийг хожсон Францын шигшээ баг 51 жилийн дараа түүхэндээ анх удаа хэсгээсээ шалгарсан төдийгүй шөвгийн 8-д үлдэж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд том шуугиан тарилаа.
Хятадын шигшээг шөвгийн 8-д төвөггүй шалгарах байх гэсэн таамаг ийн эвдэгдлээ. Мөн Дэлхийн хошой аварга Сербийн баг Нидерландын шигшээд хожигдож, нутаг буцсан нь энэ Дэлхийн аваргын бас нэгэн том шуугиан байлаа.
Харин нөгөө талд “Парис 2024” олимпын аварга, 2024, 2025 оны Үндэстнүүдийн лигийн хошой аварга Итали бүсгүйчүүд Германы шигшээг хожиж, 33 дахь хожлоо авлаа. Тэд Парисын олимпоос хойш нэг ч хожигдоогүй яваа юм.
Ази тивээс шөвгийн 8-д шалгаран үлдээд буй Дэлхийн чансааны 4-р байрт эрэмбэтэй Японы шигшээ баг одоо Нидерландтай учраа таарна. Нидерландын шигшээ багийг Дэлхийн аварга Сербийг гэрт нь буцааж, шөвгийн 8-д шалгарна гэж хэн ч тооцоогүй. Тиймдээ ч Японы багтай гал гарсан өрсөлдөөнтэй тоглох нь дамжиггүй.
Нөгөө талд олимпын аварга Италийн бүсгүйчүүд Польшийн шигшээ багтай учраа таарах бол олимпын хошой аварга Бразилийн шигшээ баг хүчирхэг Хятадыг гэрт нь буцаасан Францтай шөвгийн наймын тоглолтоо хийнэ.
Шөвгийн 8-ын тоглолт есдүгээр сарын 3-наас эхэлнэ. Сүүлийн хоёр удаагийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Серби, Бразилийн шигшээ баг алтан медаль авч дутуугаа гүйцээх үү? Америк бүсгүйчүүд Дэлхийн аваргын цомоо дахин өргөх үү? Аль эсвэл Ази тивийн цор ганц баг Японы шигшээ Дэлхийн аварга болох уу? Сонирхолтой өрсөлдөөн, таамаглашгүй учраагаар энэ удаагийн тэмцээн үргэлжилж байна.
Сонирхуулахад: Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх 1982 онд зохион байгуулж, тухайн үед БНХАУ-ын баг алтан медаль, аваргын цомыг өргөсөн түүхтэй. Тэд 1986 онд дахин цомоо хамгаалж, Дэлхийн аварга болсон бол 1990 онд ЗХУ түрүүлж, 1994, 1998 онд Куба улсын шигшээ баг Дэлхийн хошой аварга болсон. Харин 2002 онд Итали, 2006 болон 2010 онд ЗХУ-ын шигшээ баг Дэлхийн аваргын цом өргөж, 2014 онд Америкийн бүсгүйчүүд алтан медаль хүртсэн бол сүүлийн хоёр тэмцээн буюу 2018, 2022 онд Сербийн шигшээ баг Дэлхийн аварга болсон юм. Тэгвэл 2025 оны Дэлхийн аваргаар ямар улсын шигшээ баг тодрох вэ гэдэг нь тун удахгүй мэдэгдэнэ.
Мөн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа 32 баг оролцож буй нь гол онцлог юм. Тэмцээний шагналын сан 2,200,000 ам.доллар болж, өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн төдийгүй цаашдаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болсон билээ.