K-поп урсгалын хөвгүүдийн хамтлаг болох “Stray Kids”-ийн цоо шинэ “Karma” цомог Америкийн дуу хөгжмийн “Биллборд” жагсаалтыг тэргүүлжээ. Эл цомог “Billboard 200” буюу хамгийн олон зарагдсан цомгийн жагсаалтыг тэргүүлснээр тус хамтлагийн хувьд “Биллборд”-ыг тэргүүлсэн 7 дахь амжилт боллоо.
Тус хамтлаг 2022 онд “Oddinary” болон “Maxident”, 2023 онд “5-Star” бүрэн хэмжээний болон “Rock-Star”, өнгөрсөн жил “Ate” болон “Hop” EP цомгоороо энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Тэгвэл энэ удаагийн 7 дахь амжилтаараа BTS хамтлагийн тогтоосон амжилтыг эвдэн, ардаа орхиж, k-поп уран бүтээлчдийн дунд дээд амжилт тогтоогоод байна.
Тус хамтлагийн дээрх 7 цомог худалдаанд гарсан даруйдаа “Биллборд”-ыг шууд тэргүүлсэн болохыг “Billboard” онцолжээ. Жагсаалтыг гаргахдаа цахим болон бодит цомгийн борлуулалтыг тооцдог. “Karma” цомог нийт 313,000 хувь борлогдсоны 296,000 хувь нь бодит цомог байжээ. 11 дуутай “Karma” цомог нь “Stray Kids” хамтлагийн 2 жил 2 сарын дараа гаргаж буй анхны студийн бүрэн хэмжээний цомог бөгөөд тус хамтлагийн 4 дэх бүрэн хэмжээний цомог юм.
“Энэ үнэхээр итгэмээргүй, гайхамжшигтай амжилт, нэр төрийн хэрэг болж байна. Хамтлагийн үнэнч фэнүүд, сонсогч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” хэмээн тус хамтлаг өөрсдийн харьяалагддаг “JYP Entertainment “агентлагаараа дамжуулан мэдэгджээ.