Л.Даваа: Улаанбуудайн ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд асуудал шийдэгдэх боломжтой


ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Л.Даваатай ярилцлаа.

————————————————————————-

-Энэ жилийн улаанбуудайн тариалалтыг өмнө жилүүдтэй харьцуулахад буурсан. Тодруулбал, 100 орчим мянган тонн улаанбуудай дутахаар төлөвтэй байгаа гэсэн дүн мэдээ бий. Үүнийг цаашид хэрхэн зохицуулах талаар мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбуудайн хувьд зөвхөн энэ жил тариалалт буураагүй. Байгаль цаг уурын нөхцөл байдал, салбарын бодлогын зохицолдолгооноос хамаараад ийм асуудал үүссэн гэж харж байна. Энэ жил цаг уурын хувьд үнэхээр хүнд байлаа. Бороо хургүй, ган урьд жилүүдээс удаан хугацаагаар үргэлжиллээ. Үүн дээр нэмээд технологийн зарим нэг асуудал гарсан. Энэ нь манай стратегийн түүхий эд болсон улаанбуудайн хангамжийн хувьд нэлээд хүнд асуудлыг үүсгэж байна. Цаашдаа үүнийг хэрхэн зохицуулах вэ, яах вэ гэдэг асуудлыг бодлогын хувьд ч тэр, технологи, тариаланчдын хувьд ч тэр дүгнэлт хийх ёстой ийм жил болж өнгөрч байна. Улаанбуудайн хувьд ОХУ-аас оруулж ирэх гэх мэт улсаас тодорхой арга хэмжээ авах л байх. Гэхдээ цаашдаа салбарын хувьд энэ жилээс эхлээд бодлого барих ёстой. Энэ жил дутаж байна гэдэг нь хойтон жил ч гэсэн дутна гэсэн үг. Тэгэхээр дараагийн жилүүдэд энэ асуудлыг үргэлжлүүлэхгүй байхын тулд хөрс боловсруулах, мөн ямар хэмжээнд, ямар үрээр тариалах вэ, уриншийн асуудлуудаа яаж, хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр бодлого явагдаж байх ёстой.

Ер нь гандуу жил болно гэдэг нь хэд хэдэн асуудлыг үүсгэдэг. Нэгдүгээрт, тариаланчдын хувьд эдийн засгийн асуудал гарч байгаа. Хоёрдугаарт, тариалалтын технологи алдагдах асуудал үүсдэг. Тухайлбал, үрийн хангамжийн асуудал үүсч байна. Энэ жил ургац алдана гэдэг нь хойтон тарих үрээ авч чадахгүй асуудал үүснэ гэсэн үг. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэхээр тарих талбайн уриншаа чанартай хийх ёстой болно. Тарих үрийн хувьд өөрт шаардлагатай, манай оронд нутагшсан тийм л сортын үрээр хангаж байж тогтвортой ургац авах боломжтой болно. Энэ боломж нь яаж бий болох вэ гэвэл манайхтай адилхан цаг ууртай, бидэнтэй адилхан технологийг мөрдөж ажилладаг, дэлхийд экспортынхоо асуудлаар боломжийн хэмжээнд байдаг ОХУаас шийдэх боломжтой. Эндээс асуудлаа шийдвэл технологийн хувьд ч, цаашдаа тогтвортой ургац авах, чанартай үр нийлүүлэх асуудлууд шийдэгдэнэ. Үрийн дутагдлаас гадна бидний хэрэгцээт гурилын асуудал үүснэ. Энэ бүгдийг л зохицуулах шаардлагатай болно гэсэн үг.

-Хүнсний ногоо, төмсний хувьд мөн дутахаар төлөвтэй байгаа гэсэн?

-Хүнсний ногоон дээр мөн адил энэ асуудал байгаа. Ер нь төмсийг дутсан, дутаагүй урдаас тодорхой хэмжээгээр оруулж ирнэ. Харин үрийн хувьд бодох хэрэгтэй. Урдаас бид үр авдаггүй. Урдаас авах үр нь технологийн хувьд тохирохгүй, чанарын шаардлага хангадаггүй. Хойтон жил үрийн дутагдал үүсэх бол эртнээс чанартай үр авах хэрэгтэй. Үртэй байж гангийн эрсдэлээс гарах боломжтой. Цаашдаа бид нэгэнт алдагдалд орж байгаа гэдэг утгаараа тариалангийн салбарт эдийн засгийн асуудлууд үүснэ. Энэ асуудлыг улсын зүгээс бодлогоор яаж дэмжих вэ гэдэг асуудлыг одоо л шийдэхгүй бол хойтон жил тариалалтын үед ярьсаар байгаад өнгөрвөл харамсалтай зүйл болно.

Сайн үртэй байж ургац тогтвортой байна. Одоо бол намрын хураалтын цаг. Хадгалалтын зардал ороогүй, талбайн өртгөөр нь чанартай үр авах боломж одоо л байгаа. Тийм учраас улсын бодлого, тариалалтын салбарынхны бодлого үүнд чиглэвэл эдийн засгийн хувьд хүндрэлгүй асуудлыг шийдэх боломжтой. Хадгалалт, тээвэрлэлтийн зардал нэмэгдвэл үнэ нь нэлээн хэмжээнд өснө. Тийм учраас цаг алдалгүй энэ намар уг асуудлыг шийдэж эхэлбэл цаашдаа зөөлнөөр асуудлыг шийдэх боломжтой болно.

-Ер нь цаашдаа улаанбуудайн тариалалтыг тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ?

-Бид цаашдаа улаанбуудайн тариалалтыг тогтвортой байлгахын тулд нөөцийн асуудлыг шийдэх ёстой. Жил болгон хэрэгцээгээ хангаж байна г эх биш, жил болгон хэрэгцээнээсээ илүү гарч, ядаж нэг жилийн нөөцтэй байвал үнэ, хангамжийн хувьд ч асуудлаа шийдэх боломжтой болно. Зөвхөн хэрэгцээгээ хангаж байна гэдэг асуудлаар яваад байж болохгүй. Тийм учраас нэг жилийн нөөцийг хадгалж байдаг нөөцийн бодлоготой болвол улаанбуудайн үнийн хувьд ч, салбарын тогтвортой байдлын хувьд ч асуудал шийдэгдэнэ. Гэхдээ бид чадахгүй байгаа учраас энэ асуудал байнга үргэлжилж байна.

-Тэгэхээр үнийн хувьд нэмэгдэх нь гарцаагүй юу?

-Энэ жилийн хувьд гурилын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Бид зах зээлийн нийгэмд орсон бол үнэ нэмэгдэх л байх. Үнэ нэмэгдэнэ гэдгийг нэг талаар бэрхшээл юм шиг бодогдож байгаа боловч салбараа босгож авахад хөрөнгө оруулж байгаа гэдэг утгаар нь ойлговол энэ асуудал шийдэгдэх боломжтой.

Ер нь өнөөдөр өөрсдийнхөө хэрэгцээг хангана гэдэг нь энэ салбараа тогтвортой байлгах, үнэ, эдийн засгийн хувьд адил байх боломжийг хэлж байгаа. “Үнэ нэмэгдэх гэж байна, одоо болохоо байлаа” гэж ярихын оронд салбарын бодит байдлаа зөв ойлгомоор байна. Яагаад үнэ нэмэгдэв, ямар хэмжээнд нэмэгдэв. Тэр нь зах зээлийн э рүүл механизмаар зохицуулагдаж байна уу гэдэг асуудал яригдана.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *