Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг … тоотод оршин суух 32 настай П.Н энэ оны 6-р сарын 9-ний өдөр гэртээ архидан согтуурч, төрсөн ээж С.П-г “Хайртай залууг минь хөөж явууллаа” хэмээн зоджээ. Охиндоо зодуулсны улмаас ээжийнх нь зүүн завжинд шарх үүсэж, зүүн бугалга, баруун шуу, баруун бугуйнд цус хуран, эрүү, зүүн хацар, уруул нь зулгарчээ.
Цагдаад хохирогч ийн мэдүүлжээ.
“… Энэ хэрэг манай охины төрсөн өдөр болсон. Тэр өглөө би гэртээ охин болон зээ охины хамт байсан. Өглөө 8 цагийн орчимд гаднаас зүс мэдэх Суурь гэх залуу орж ирээд, охинтой хамт манай хашаанд байдаг байшингийн торхонд орж, архи уусан. Би очоод “Хар өглөө архи уулаа” гэж уурлахад, залуу гараад явсан. Харин охин үлдээд, Суурийн авч ирсэн архийг ууж дуусгасан. Дараа нь надаас тамхи нэхэж, хэрүүл маргаан хийхэд нь би 5000 төгрөг өгсөн. Тэгээд дарамтлаад байхаар нь гарч явсан. Гэрээсээ гараад “Цагдаагийн байгууллагад хандъя” гэж бодоод явж байтал нөгөө залуутай таарч “Чи манай охиныг хуурч мэхлээд, өөрийгөө бодоод явахаа боль л доо. Чамайг ингээд яах нь мэдэгдэхгүй явахаар охин архи уугаад, надад агсам тавиад байна шүү дээ” гэх зэрэг зүйлс ярилцсан. Би цагдаагийн газар ирж, байцаагчтай уулзаад, гэртээ харьтал охин “Суурь тантай таарсан гэсэн. Чи ямар зэвүүн новш вэ? Намайг хайртай залуугаас минь салгах гээд байна уу. Надад төрсөн өдрийн бялуу авчирч байхад хөөсөн. Чамайг ална. Чамайг одоо хэн ч тоож ирж авахгүй” гэх зэргээр хараагаад, зодож эхэлсэн. Эхлээд “Ингээд хов зөө” гээд ам руу гараа хийгээд зулгаасан. Тэгээд миний биеийн бүх л хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Зээ охин зууралдаж, саатуулах үед нь би гарч зугтаасан. Зугтаад махны дэлгүүрийн тэнд нуугдахад ирээд “П-да авгай минь орооч, хүүш орооч” гээд намайг зодсон. Би дахиж зугтаад, худгийн тэндээс машинд суугаад цагдаа руу очсон …”.
Шүүх эхийгээ зодсон эмэгтэйд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.