Шинэ суурьшлын бүс яармаг бетонон ширэнгэ болжээ


Одоогоос 5 жилийн өмнө нийслэлийн баруун өмнөд бүс болох Нисэх, Яармаг орчимд хотын шинэ төвийг байгуулах НИТХ-ын 98 дугаар тогтоол гарч байлаа. Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 416.5 га газрыг хамруулахаар тусгав. 

Тухайн бүсийг зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол, гол гудамжид дундаж давхрын, үйлчилгээ бүхий байгууламжтай хороолол болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд 40.2 мянган иргэн амьдрах орон сууц, 7680 хүүхдийн сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Гэтэл Яармаг, Нисэхийн шинэ суурьшлын бүс алга урвуулахын адил өөрчлөгдөв. Жинхнээсээ бетнон ширэнгэ бий болов.

ЯАРМАГИЙН ДЭНЖИД ТӨӨРӨХӨӨР БОЛЖЭЭ

Яармагийн гүүр гараад замын урд талаар үргэлжлэх хотхонуудаас Богдын ам руу өгсөх замаар ороход л үнэндээ гамшиг угтана. Богд уулын ар, хотын баруун урд хэсэгт хамаарах энэ хэсэг уг нь уулын хар хүрэн хөрс гочлон тархсан, хамгийн үржил шимт хөрстэй газраар тавхан жилийн өмнө нэрлэгддэг байлаа. Гэтэл одоо олны хөлд дарагдан, барилгын ачаа зөөсөн  том тэрэгнүүдийн дугуйнд хөрс талхлагдан бургисан улаан шороо л босдог газар болжээ. Үнэтэй хаус, өндөр өдөр барилгууд хаяа даран байрлах ч өөр хоорондоо үнэндээ зохилдсонгүй. Өвс ургамал гэх юмгүй, хаа нэгтээ хэд гурван шарилж ургасныг харж болно. Барилгын ажил нь дуусаагүй юм болов уу гээд харахаар тийм биш. Өндөр, өндөр шилэн барилгууд ашиглалтад орж, зөвхөн хороолол доторх зам талбайгаа цэмбийтэл цэвэрлэж тойруулсан хашаанаасаа гаднахыг сэндийлж, сэглэж орхисон л дүр зурагтай байна. 

Өндөр, өндөр шилэн барилгууд ашиглалтад орж, зөвхөн хороолол доторх зам талбайгаа цэмбийтэл цэвэрлэж тойруулсан хашаанаасаа гаднахыг сэндийлж, сэглэж орхисон л дүр зурагтай байна. 

Зургаан блокт хувааж, нам давхрын орон сууцны хороолол барих төлөвлөгөө энд лав биеллээ олсонгүй. Замын яг урд хэсэгт байрлах Фермерүүд захаас Туул гол руу орших Яармагийн 1 дүгээр буудлаас эцэс хүртэл барьсан олон орон сууцнууд ч мөн энэ байдлыг тойроогүй.

Энэ бол зөвхөн жишээ. Хотын төвийн шинэ барилгаас хойшоо Хүүшийн ам руу өгсвөл та бараг төөрнө. Ямар ч ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн цэцэрлэг, сургууль таарахгүй. Салхилах талбай, хүүхдийн тоглоомын талбай, томоохон бүү хэл багахан цэцэрлэгт хүрээлэнч  байхгүй. Бөөн түгжрэл, стресс бухимдлын газар болсон. Ямартаа л Яармагт очсон хүн тэндээ хоно, ажлаа тасал, эсвэл өдрийн чөлөө ав гэлцхэв.

ЯАРМАГИЙН ДЭНЖИД НОГООН ШОШГО ЗОХИХГҮЙ

Улаанбаатар гэдэг нэрийн өмнө ногоон гэх шошгыг их зүүдэг болсон, эрх мэдэлтнүүд. Бүхий л төлөвлөлтдөө эко орчны талаар байнга тусгана.  Үнэн чанартаа ногоон байгууламж, ногоон шошгынхоо мөн чанарыг тас мартчихсан.

Хэнтийн нурууны голлох амьтны аймгийг бүрдүүлэгч хөхтөн амьтдын нутагшлын хамгийн урд хил нь Богд Хан Уул бөгөөд 54 зүйлийн хөхтөн амьтан, 194 зүйлийн шувуу, 70 овгийн, 256 төрлийн, 587 зүйлийн ургамал тэнд ургадаг байлаа. 

Барилгажилт ихсэж, бетонон ширэнгэ болсон Богд уулын ар Яармагийн дэнжид лав экологийн тэнцвэрт байдал алдагдсан байна. Ургамлан нөмрөг унаган төрхөө хэдийнэ алдаж, олон зүйлийн амьтдын нутагладаг газар  байхаа нэгэнт больжээ.

Саяхандаа хоёр буга Туул голын усанд орсныг бултаараа шагшиж хангайн амьтдын тухай баахан уянгалсан. Үнэндээ тэд уух усгүй болоод яаж шуухан нэг юм бетонон ширэнгэний дундуур амь өрсөн байж ус бараадсаныг хэлж мэдэхгүй. Ирж чадсан, ус бараадсан нь л энэ хоёр болохоос чадаагүй, тэндээ нүд аньсныг хэн ч үл тооно.

БАЙДАЛ ЯАГААД ИНГЭТЛЭЭ ДОРДОВ ОО

Уг нь бол Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан архитекторын шийдлийг их гоёор тайлбарласан байдаг. “Бүс нутаг хот суурины нийгмийн мөн үйлдвэрлэл үйлчилгээний объектуудын байршил, хамрах хүрээ, хотын гудамж замын сүлжээний зохистой төлөвлөлт, инженерийн барилга байгууламжийг цогцоор нь авч үзэн төлөвлөлтийн зохих түвшний шийдлийг гаргана. Үүний үр дүнд бүсийн тулгуур төв хотын архитектур орон зайн төлөвлөлтийн үндсэн зарчим ямар байх жишиг зарчмыг тогтоож шинэчлэн засварлах болон шинэ хотын архитектурыг боловсруулах” гэж.

Энэ шийдлээр бол өдийд Яармаг бусад томоохон хотуудын жишгээр өнөөх 6 блоктоо хуваагдсан. Блок бүр дотроо цэцэрлэгт хүрээлэнтэй, сургууль, хүүхдийн цэцэрлэгтэй, зам талбайгаа шийдсэн утгаараа эрүүл аюулгүй орчин байх байлаа.

Харамсалтай нь Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий архитекторууд ажлаа хийсэнгүй юү, дүрэм, журам тогтоол нь биелсэнгүй юү. Тэнд өнөөдөр бодит байдал ийм л байна. Уг нь нийслэлд шинээр барих бүх барилгын “Ажил эхлэх зөвшөөрөл”-ийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор мутарладаг юм. Өмнө нь ч одоо ч ийм л байгаа.

Улаанбаатарыг ийм болтол дордуулсан өмнөх хүмүүсийн балгийг арилгах тухай бус, шинэ тутам бий болсон шинэ суурьшлын бүсийн талаар хэлээд байна.

Тэдэнд  хотын өнгө төрхийг илтэд алдагдуулсан барилга байгууламж барих зураг төсөл боловсруулсан аж ахуйн нэгжид хяналт тавих, өөрчлөх, ерөнхий төлөвлөгөөнд  тохируулах бүрэн эрх мэдэл нь бий. Гагцхүү яагаад энэ дэнжийг ингэтэл нь доройтуулна вэ.

Улаанбаатар хот үнэндээ сүүлийн 30 орчим жилийн хугацаанд туйлдаа хүрч хөрсний бохирдол, агаарын бохирдол, түгжрэл, уур бухимдлын төв цэг болоод байгаа. Ийм болтол дордуулсан өмнөх хүмүүсийн балгийг арилгах тухай бус, шинэ тутам бий болсон шинэ суурьшлын бүсийн талаар хэлээд байна.

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 2020 онд баталсан.

  • НЭГ. ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ ҮНЭТ ЗҮЙЛ
  • ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ
  • ГУРАВ. АМЬДРАЛЫН ЧАНАР БА ДУНДАЖ ДАВХАРГА
  • ДӨРӨВ. ЭДИЙН ЗАСАГ
  • ТАВ. ЗАСАГЛАЛ

Цаасан дээр хараар бичсэн энэ тунхаг маягийн баримт бичгээс Яармагт яг юу нь хэрэгжсэн юм бол.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *