Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулсны дараа танхимын сайд нартайгаа хамт сэтгүүлчдэд 2026 оны төсвийн төслийг танилцуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Онолын хувьд төсөв алдагдалтай байх ёстой. Гадаадын зээл, тусламжийг төсөвт бүртгэдэггүй. Гэтэл манай төсөвт зардал болж суугаад байгаа. Банкны зээл бол эргүүлэн төлж байдаг мөнгө. Төсвөөс гаргаж буй мөнгө биш байхгүй юу. Гэтэл зардал болгож гаргаад байгаа. Үүнийг СЯ цаашид анхаарах ёстой.
–9-р сарын 1-нд сурагчдад бичсэн захидалд хэдэн төгрөг зарцуулсан бэ. Мөнгийг нь хаанаас гаргасан бэ?
-1 хүүхдэд бичсэн захидлыг 100 төгрөгөөр “Монгол шуудан”-гаар хэвлүүлсэн. Энэ бол Г.Занданшатарын захидал биш. Ерөнхий сайдын захидал. Анги бүрт тохирсон захидал бичсэн. 1-р ангийн хүүхдэд гэхэд “Цагаан толгойгоо сайн үзэж, номын сайн нөхөр болоорой” гэж бичсэн. 2-р ангийн хүүхдэд “Эх хэл, түүх, эх орондоо хайртай байгаарай” гэж бичсэн. 3-р ангид энэ жилээс англи хэл орж байгаа. Тиймээс “Англи хэл бол шинэ үг, дуу сурах төдий зүйл биш. Англи хэл сайн сурахын тулд эх хэлээ сайн эзэмших хэрэгтэй” гэж бичсэн. 6-р ангид орос хэл, газарзүйн хичээл орж байгаа. “Дэлхий ертөнцтэй танилцуулах орос хэл, газарзүйн хичээлийг сонгон суралцаарай” гэж зөвлөсөн.
Хүүхдийг бурмаар биш, урмаар тэтгэ гэдэг. Үүнд зарцуулсан 100 төгрөгийг улсын төсвөөс гаргаагүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил.