Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр Мавританийн эдийн засагч сонгогдон ажиллахаар болов


Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгчөөр сонгогдсон Мавританийн эдийн засагч  Сиди Оулд Тахын тангараг өргөх ёслол даваа гарагт Зааны ясан эрэг улсын нийслэл Абижан хот дахь тус банкны төв байранд зохион байгуулагджээ.

Ёслолын арга хэмжээнд Зааны ясан эрэг улсын ерөнхийлөгч Алассане Оуаттара, Мавритани улсын ерөнхийлөгч Мохамед Оулд Шэйх Газоуани болон Африкийн хөгжлийн банкны группын удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

АХБ-ны шинэ ерөнхийлөгч Оулд Тах тангараг өргөснийхөө дараа тангарагийн бичигт гарын үсэг зурсан байна. Тэрээр өнгөрсөн 5-р сарын 29-ний өдөр явагдсан сонгуульд 76 хувийн саналыг цуглуулж, тус банкны түүхэн дэх хамгийн өндөр хувийн саналаар ялалт байгуулсан нэр дэвшигчээр тодорсон юм.

Африкийн хөгжлийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалын бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг бөгөөд өдгөө 60 настай Сиди Оулд Тах тус банкны 9 дэх ерөнхийлөгч болж байна.

Банкны албан ёсны вебсайтад түүнийг банкны салбарт 40 гаруй жил ажилласан, Африкийн бүс нутагт эдийн засагч болон сангийн сайдын албыг хашиж байсан өндөр туршлагатай, хөгжлийн банкир хүн хэмээн бичиж тодорхойлжээ.

АХБ-ны шинэ ерөнхийлөгч өөрийн стратеги төлөвлөгөөний үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд, Африкийн санхүүгийн нөөц бололцоог нээх, бүс нутгийн төсвийн биеэ даасан бүрэн эрхт байдлыг шинэчилж бэхжүүлэх, хүн ам зүйн хүчин чадлыг ногдол ашиг болгон хувиргах, тэсвэрлэн даван туулах чадвартай дэд бүтцийг бий болгох төлөвлөгөө багтжээ.

1964 онд үүсгэн байгуулагдаж байсан АХБ нь Африкийн 54 орон, бусад бүс нутгийн 27 орон гээд нийт 81 гишүүнтэй, дэлхийн томоохон хөгжлийн банкуудын нэг ба тус банк гишүүдийн татаас, дэлхийн зах зээл дээр босгосон зээл, зээлийн эргэн төлөлтийн орлогоос санхүүждэг.

Харин Сиди Оулд Тахын хувьд АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаа тус банкинд олгодог, бага орлоготой улс орнуудыг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зориулсан 500 сая ам.долларын санхүүжилтийг зогсоохоор төлөвлөж байгаа үед уг ажлыг авч байна.

Тэрээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ банкны гол зорилго болох хүчирхэг, цэцэглэ хөгжсөн Африкийг бий болгохын төлөө ажиллахаа мэдэгдэж, АНУ зээл тусламжаа зогсоож байгаа үед Арабын ертөнц, булангийн орнууд зэрэг өөр бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хайх ёстой гэдгийг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *