Хорт хавдрын эсрэг шинэ эмчилгээнүүд


Энэ 2025 он “хорт хавдар” хэмээх эдгэршгүй гэгдэж байсан өвчнийг эмчлэхэд гарсан олон шинэ түүхэн дэвшлийг үзсэн жил болж байна.

Энэ онд гарсан хамгийн чухал ололтын нэг нь хувь хүн бүрд тохируулсан хавдрын эсрэг вакциныг боловсруулан хэрэглэж эхэлсэн явдал байв. Энэ вакцин нь өвчтөний геном болон үүссэн хавдрын биологийн онцлог шинжид тулгуурлан хүн тус бүрд тусгайлан гаргаж авдаг гэдгээрээ онцлог юм байна. Энэ нь АНУ-ын Дана-Фарберын нэрэмжит хавдрын хүрээлэн болон Йелийн их сургуулийн хавдар судлалын төвийн хамтран хийсэн клиник туршилтын гайхалтай үр дүн ажээ. Өөрөөр хэлбэл, бөөрний хожуу шатны хорт хавдартай есөн өвчтөн гурван жилийн турш хувь хүнд зориулсан дээрх вакциныг хийлгэсний дараа бүгд бүрэн эдгэрч, өнөөдрийг хүртэл тэдэнд хавдрын дахих шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Суд лаачид “Энэ вакцин нь дархлааны системийг хавдрын эсийн өвөрмөц генийн бүтцэд тулгуурлан таниулж, уг эсийг устгуулж байгаа нь уламжлалт эмчилгээний аргуудаас нэг алхам урагшилсан үзэгдэл юм” гэжээ. Өнөөдөр Европт хувь хүнд зориулсан “мРНХ” вакцины туршилт Их Британи, Герман, Бельги, Испани, Шведийн 30 гаруй эмнэлэгт явагдаж байгаа ба энэ төсөл 2027 онд дуусахаар төлөвлөгдсөн юм байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд энэ төсөл АНУ-ын вакцины туршилтын үр дүнтэй адил амжилт үзүүл бэл дараагийн арван жилд хавдрын эмчилгээний үндсэн аргуудын нэг болно гэж найдаж байна.

Хоёр дахь томоохон шинэлэг ололт бол хавдрын дархлаа эмчилгээний хөгжил, түүний үр нөлөөний өсөлт юм. Сүүлийн жилүүдэд дархлаа эмчилгээ хавдрын эмчилгээний үндсэн арга болж, 2025 онд бид сэтгэл хөдөлгөм ахиц дэвшлийг харж байна. Энэ оны эхэнд АНУ-ын Слоун-Кеттерингийн хавдар судлалын төвөөс нийтэлсэн судалгаагаар дархлаа эмчилгээний достарлимаб гэх эм генийн MMRd мутацитай хавдрын өвчтөнүүдийн 80 хувьд мэс засал, химийн эмчилгээний хэрэгцээгүйгээр бүрэн эдгэрэлт авчирсан юм. Энэ нь ялангуяа бүдүүн гэдэс, улаан хоолой, ходоод, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг мэс заслын арга шаарддаг хорт хавдрыг эмчлэхэд онцгой ач холбогдолтой байв. Достарлимаб эм нь өвчтөний дархлааны системд хавдрын эсийг “гадны биет” гэж таниулан олшруулахгүй устгуулж, харин эрүүл эд, эсэд гэмтэл учруулдаггүй гэдгээрээ онцлог юм. Үүнээс гадна нэгэн зэрэг хавдрын болон дархлааны эсэд наалдаж, хавдрын эсийг илүү үр дүнтэй устгах гүүр үүсгэдэг биспесифик эсрэг бие, өвчтөний дархлааны эсийг дахин программчилж хавдрын эсийг устгах чадвартай болгодог CAR-T ба CAR-NK эсийн эмчилгээ гэх мэт шинэ үеийн дархлаа эмчилгээний аргууд идэвхтэй туршигдан, судлагдаж байна. Энэ онд хийгдсэн хэд хэдэн клиник туршилт тархины болон нойр булчирхайн хорт хавдарт эерэг үр дүн үзүүлсэн нь эдгээр эмчилгээний үр дүн бага байдаг хорт хавдруудыг бүрэн эмчлэх найдвар төрүүлж байна.

Мөн Хиймэл сэтгэхүй(EI)-н хурдацтай хөгжил хавдрын эмчилгээнд шинэ үеийг эхлүүлж байна. Орчин үеийн Хиймэл сэтгэхүйн өөрөө суралцдаг системүүд нь генийн дараалал тогтоолт, оношилгооны дүрс лэл, эмнэлгийн түүхийн мэдээлэл зэрэг их хэмжээний биоанагаахын өгөгдлийг богино хугацаанд боловсруулан хувь хүн бүрд тохирсон эмчилгээ гаргах, эмийн үйлчлэлийг урьдчилан таамаглах, дахилтын эрсдэлийг тодорхойлох боломжтой болгож байна. Энэтхэгт хиймэл сэтгэхүйг хөх болон уушгины хавдрын эрт ил рүүлэлтэд ашигласан нь эмч мэргэжилтэн дутагдалтай хөдөө орон нутагт оношлогооны түвшинг мэдэг дэхүйц нэмэгдүүлж, оношилгоог сайжруулж, эмчил гээний зардлыг бууруулсан байна.

Энэ жилийн хамгийн онцгой судалгааны нэгийг Майо клиник эмнэлэгт хийсэн бөгөөд судлаачид сэтгэхүйг ашиглан хүний гэдэсний бичил биетүүдийн бүтцийг судлан шинжилсэн байна. Энэ судалгаа нь эдгээр бичил биетүүд хүний дархлааны хариу үйлдэл болон эмчилгээний үр дүнд чухал нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Гэдэсний хэвийн бичил биетүүд болон эмийн харилцан үйлчлэлийг ойлгох нь эмч нарт өвчтөнд тохирсон хоолны зөв дэглэм боловсруулах, пробиотик нэмэх, эсвэл эмчилгээг өөрчлөх замаар эмчилгээний үр дүнг сайжруулах боломж олгожээ. Хиймэл сэтгэхүйгээс гадна биотехнологи ч хорт хавдрын эмчилгээний хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор хэрэгжиж буй дэвшилтэт аргын нэг нь биоцахилгаан эмчилгээ бөгөөд энэ нь хорт хавдрын эсийн хуваагдлыг дарангуйлах зорилгоор бага давтамжийн цахилгаан орон ашигладаг арга юм. АНУ-ын Novocure компани Tumor Treating Fields (TTFields) нэртэй төхөөрөмж боловсруулсан бөгөөд энэ нь хавдрын эсийн ДНХ-ийн хуваагдлыг алдагдуулдаг цахилгаан соронзон долгион цацруулдаг багаж юм. Энэхүү төхөөрөмжийг химийн эмчилгээтэй хамт хэрэглэж, тархины хавдар болон мезотелиома гэх амьд үлдэх магадлал маш бага өвчний үед онцгой үр дүнтэй байгааг нотлоод байна. Түүнчлэн генийн эмчилгээнд ч шинэ дэвшил гарсаар байна. CRISPR гэх өвчтөний генийг засварлах технологи нь хавдар үүсгэгч мутацид орсон генийг “унтраах”, эсвэл дархлааны эсийг дахин программчлах зорилгоор туршигдаж байна. Энэтхэгт AIIMS эмнэлэг хүүхдийн нүдний торлогийн хавдрын (ретинобластома) эмчилгээнд өндөр нарийвчлалтай цацраг ашиглан хийдэг мэсийн бус мэс засал болох гамма хутганы аргыг амжилттай хэрэглэж, харааг хадгалах болон эрүүл эсийн гэмтлийг багасгахад тусалж байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2050 он гэхэд дэлхийн хавдрын өвчлөлийн тоо 77 хувиар өсч, жилд 35 сая гаруй тохиолдол бүргэгдэж эхэлнэ” гэж мэдээлсэн. Тэгвэл энэ нөхцөл байдалд 2025 оны анагаах ухааны ололтууд хүчтэй дохио өгч “Хавдар бол үхлийн ял биш болно” гэж байна.

Хорт хавдрын эмчилгээний гол стратеги нь “нэг жор бүгдэд” гэсэн хандлагаас татгалзаж, хувь хүн бүрд тохирсон эмчилгээнд шилжиж байгаа явдал бөгөөд эмчилгээ бүрийг тухайн өвчтөний генийн өвөрмөц онцлог, дархлааны систем, амьдралын орчин, биед нь байгаа бичил биетний бүтэц зэргийг харгалзан хийж байна. Өндөр технологи одоо уран зөгнөл биш, харин оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө гаргах, хяналт тавих, дахилтаас сэргийлэх зэрэг эмчилгээний бүх үе шатанд эмч нарт чухал дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болжээ. Хавдрын эмчилгээний ирээдүй бол зөвхөн эдгээх бус, харин хавдрыг хянаж болдог архаг өвчин болгон хувиргах, өвчтөний амьдралын чанар, хугацааг уртасгах, дэлхийн сая сая гэр бүлд найдвар өгөх явдал юм. Мөн олон шинэ батлагдсан хавдрын эсрэг эмнүүд бий болж, өвчтөнүүдийн боломжийг өргөжүүлж байна. Тухайлбал, хоёр талт үйлчлэлтэй анхны эсрэг биетийн Ивонесцимаб эм байна. Энэ эм нь PD-1 гэх дархлааны хяналтын цэг болон VEGF гэх судасны доторх хавдрын эсийн өсөлтийг нэгэн зэрэг дарангуйлж, хавдрыг хоёр талаас нь довтолдог эмчилгээ юм. Энэ эм Хятад улсад батлагдан хэрэглэгдэж байгаа бөгөөд харин АНУ-д уушгины хавдрын эмчилгээнд III шатны клиник туршилтын шатанд явж байгаа юм байна. Шинэ үеийн хорт хавдрыг дарангуйлагч Репотректиниб (Augtyro) эм. АНУ-ын FDA-аас энэ эмийг ROS1 мутацитай уушгины хавдрын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Энэ хорт хаврын эсийн мутаци нь ховор тохиолдог ч эмчлэхэд маш хүндрэлтэй байдаг аж. FDA-аас 2025 оны дөрөвдүгээр сард зөвшөөрөл олгосон PD-1-ийн эсрэг биетийн Пенпулимаб эм. Энэ эм дахилттай эсвэл үсэрхийлсэн (метастатик) кератин үүсгэдэггүй хамрын залгиурын хорт хавдарт өндөр үр дүнтэй байна. Энэ төрлийн хавдар Ази тивд түгээмэл тохиолддог аж. Эдгээр эмүүд нь эмч нарт зөвхөн эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлээд зогсохгүй дархлаа эмчилгээ, химийн эмчилгээтэй уян хатан хослуулж, илүү иж бүрэн стратеги боловсруулах боломж олгож байна. Мөн АНУ-ын Калифорнийн их сургуулийн хавдар судлалын профессор Давид Вонг хамтрагчдынхаа хамт арван жилийн турш судалгаа хийсний үр дүнд өвчтөний шүлсэн дэх ДНХ-ийн өөрчлөлт нь уушгины хавдрын эс байгаа эсэхийг заадаг болохыг тогтоожээ. Туршилтын дүнг Америкийн Шинжлэх Ухааны Хөгжилд Дэмжлэг Үзүүлэх Нийгэмлэг(AAAS)-ийн жил тутмын хуралд танилцуулжээ. Эмч нар энэ тестийг FDA-аас баталж, 2030 он гэхэд дэлхий даяар хэрэглэх боломжтой болно гэж найдаж байна. Учир нь энэ тестийн арга нь инвазив биопсийн оронд хэрэглэж болох хямд, энгийн арга болох төлөвтэй байна. Учир нь энэ арга нь дунджаар 10 минут зарцуулдаг, тусгай төхөөрөмж шаарддаггүй, эмчийн үзлэгийн үеэр шууд хийж болдог давуу талтай юм байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Амарсанаа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *