Канадын нэрт жүжигчин Грэм Грийн 73 насандаа таалал төгсжээ


Канадын уугуул индиан гаралтай нэрт жүжигчин Грэм Грийн 73 насандаа таалал төгсжээ.

Холливудын олон кинонд гол болон туслах дүр бүтээсэн нэрт жүжигчинг байгалийн жам ёсоор таалал төгссөн талаар түүний менежер Герри Жордан мэдэгдсэн байна.

Грэм Грийн нь Канадын Онтарио мужийн өмнөд хэсгийн 6 уугуул индиан омог аймгуудын нэг болох Онейда омгийн гишүүн байжээ.

Тэрээр бичээч, технологич, гангийн үйлдвэрийн ажилтан, рок хамтлагийн арын алба зэрэг олон төрлийн ажил хийж яваад 1970-аад онд Их Британийн театрын салбарт буюу тайзны урлагт анх хөл тавьж, жүжигчний замналаа эхлүүлж байсан байна.

Грэм Грийн 1990 онд дэлгэцнээ гарсан “Чонотой бүжиглэгч” хэмээх вестерн кинонд бүтээсэн индиан эмчийн дүрээрээ олонд танигдаж, алдаршиж байсан бөгөөд тэрхүү дүрээрээ 1991 оны Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналд нэр дэвшиж байсан юм.

Тэрээр Грэмми, Жемини, Канадын дэлгэцийн шагнал зэрэг кино дэлгэц, телевиз, дуу хөгжмийн салбарын олон шагнал хүртэж байсан ба 2016 онд Канад улсын иргэний хоёрдугаар зэргийн дээд шагнал болох Канадын одон медалиар шагнагдаж байжээ.

Жүжигчин Грэм Грийн “Аянгат зүрх”, “Ногоон зурвас”, “Хатуу самар – 3”, “Мэверик”, “Бүрэнхий: Шинэ сар”, “Салхит гол” зэрэг 70 орчим кинонд гол болон туслах дүрийг бүтээсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *