Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох дүрэм үйлчлэхгүй байна


Манайхан ямар нэгэн хуулийг гууль болгохдоо гаргуун улс. Өнгөрсөн 7 хоногоос хэрэгжиж эхэлсэн машины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжээд дундаа л орж байхад өнөөх нь мартагдах тийшээ ханджээ. Өнөөдөр тэгш, сондгой хамаагүй бүх машин зам дээр гарч, түгжрэл үүсгэсэн байна лээ.

Уг нь 08:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалтыг мөрдөнө. Энэ бол оргил ачааллын үед замын түгжрэлийг багасгах зорилготой шийдвэр. Гэтэл 08:00 цагтай уралдаад л зам дээрээ гарч ирээд, үзэж тарна. 07:50 цагт гэрээсээ гарчхаад, “8 цаг болоогүй байна” хэмээн муйхарлаж болохгүй л дээ.

Хотын төвөөс зайдуу гэртэй нэг нь хөл амар цагийн хязгаарлалтаас өмнө ажил дээрээ ирээд, орой буцахыг зохицуулсан нэг ёсондоо хүнээ бодсон шийдвэр юм уу. Гэтэл ямагт юмыг гуйвуулж, юу ч биш болгодог хэнэггүй зангаараа хориглосон дугаартай машин уначихаад гүлдийчихнэ. Дүрэм зөрчигчид ч өнөөдөр ихэсчээ.

Манайхны нэг зан байна. “Болж байна лээ. Би ажилдаа ирчихсэн. Зүгээр л байна лээ. Цагдаа алга” гэдэг болхи, мангардуу тайлбараа бахархалтайгаар бие биедээ дамжуулдаг явдал. Маргааш нөгөөх нь энэ үйлдлийг яг давтана. Ингээд нөгөө дүрэм журам салхинд хийсэж, бусад хүмүүс, замын цагдаа л үгээ хэлж, үсээ зулгааж байгаа харагдана. Үүний цаана хэн хохирч байна гэхээр дүрэм журмаа баримталж, машинаа гэрийнхээ гадаа орхиод гарсан иргэд л хохирч байна.

Яамаар ч юм бэ дээ, хэдүүлээ. Бүр цагийн хязгаарлалтгүй болгож, уулзвар бүрт цагдаа зогсоогоод, гүүр болгоны хажууд журмын хашаа бариад, далжийтал далжийтал торгуулж байж л өөрсдөө олонхоороо саналаа өгч дэмжсэн дүрэм журмаа мөрддөг болох юм уу? Гурван долоо хоногийн турш санал асуулга авч, нийслэлчүүдийн 63 хувь нь дэмжсэн шийдвэр шүү дээ.  

Тархиндаа түгжээтэй нэг тийм хүмүүсээр нийгэм дүүрсэн мэт санагдана. Ямар ч дүрэм, журамгүй хүй нэгдлийн үеийнх шиг нийгэм хүсээд байгаа ч юм шиг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *