Маргаашнаас цочир хүйтэрнэ


Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар бороо орж сэрүүсч, цочир хүйтэрнэ гэдгийг анхааруулж байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орж, говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна. Цочир хүйтэрнэ гэдэг нь агаарын температур тогвтортой дулаан байх үед хөрсний гадаргын температур түр хугацаагаар тэг градусаас доош орж хүйтрэхийг хөрсний гадаргын цочир хүйтрэлт гэж нэрлэдэг. Энэ сарын 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун хагаст сэрүүсэх тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Есдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи энэ сарын 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Маргаашнаас буюу энэ сарын 5-наас ихэнх нутгаар сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *